Гэр бүл бүр төрийн ивээл хамгаалалтанд байж, хүүхэд бүр гэр бүлд хүмүүжнэ гэсэн хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангана хэмээн “Төрөөс баримтлах хүн амын бодлого”-т заасан байдаг. Гэвч нийгмийн тогтолцооны хамгийн чухал хэсэг болсон гэр бүлийг тойрсон салалт, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн асуудлууд ихсэж үүнээс улбаалан хүүхдийн энэхүү язгуур эрхийг зөрчих явдал ихсэх хандлагатай болсон.
Энэ ч утгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгосон нь хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой.
Тиймээс МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачлагаар Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “ЗӨВ ТУСГАЛ” нэг сарын хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа.
Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах зорилготой улс даяар өрнөж буй энэхүү хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн 6 дүүргийн 700 гаруй иргэн мөн бусад албаны хүмүүсийн төлөөллийг хамруулсан “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Уг зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Суурин төлөөлөгч Филипп Ийвэрт нар оролцох юм.
“Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнөөр төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, эцэг эхийн үүрэг хариуцлага, гэр бүлийн дунд үүсч буй зөрчил, тулгамдаж буй асуудал мөн хүүхдийн эрх, хамгаалал, орчин үеийн хүүхдийн харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга аргачлалын талаар зөвлөлдөх юм.
“Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөн:
ХААНА: “Төрийн ордны их танхим”-д
ХЭЗЭЭ: 2019 оны 05 дугаар сарын 14-ний 09:00 цагт
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9900-6962, 8002-7744, 9111-6332