Залуу ээж өглөө эртээс үдшийн бүрий хүртэл ажилладаг байжээ. Энэ үедээ хүүгийнхээ өмнө маш их буруутай юм шиг санагдана.
Үйлчлэгч бүсгүйн санаа зовнилыг сайхан сэтгэлт эзэн нь анзаарч, шилтгээндээ хүүхэдтэйгээ хамт амьдарч болох өрөө хүртэл бэлдэж өгчээ. Гэвч үйлчлэгч бүсгүй үүнээс татгалзаж, “Баярлалаа, ноёнтон. Гэхдээ та ингэх хэрэггүй. Би танд болон танай гэр бүлд тав тухгүй байдал үүсгэнэ гэж айж байна” хэмээн хэлжээ. Үйлчлэгч бүсгүйн хариултыг сонсоод магнат ч шахаж шаардсангүй. Тэр бүсгүйн шийдвэрийг хүндэтгэж, дахиж энэ асуудлыг хөндсөнгүй.
Үнэндээ үйлчлэгч бүсгүй бяцхан хүүгээ өөрийнх нь болон магнатын гэр бүл ямар их ялгаатай болохыг анзаарч, ядуу амьдрал нь түүний өөрийгөө үнэлэх үнэлэмжид хүнд цохилт болно гэж айжээ. Эзний шилтгээн олон унтлагын өрөөтэй, өрөө бүр нь угаалгын өрөөтэй. Харин угаалгын өрөө нь тэдний гэрээс ч том.
Нэгэн удаа магнат олон зуун зочныг урьсан томоохон оройн зоог барихаар болж гэнэ. Үйлчлэгч бүсгүй ч энэ үйл ажиллагаанд үйлчлэх үүрэгтэй. Харин тэр хүүгээ шөнө дунд хүртэл ганцааранг нь үлдээж чадахгүй тул арга буюу хүүгээ шилтгээндээ авчирчээ.
Зочид гийчид магнатын шилтгээнд цуглах үед тэр хүүгээ эздийнхээ бараг ашигладаггүй угаалгын өрөөнд оруулжээ. Тэр хүүгийнхээ өмнө ажилдаа явах замдаа авсан махан ороомогтой таваг тавьж өгчээ. Үйлчлэгчийн хүү ч угаалгын өрөөнд ороод л тансаг сайхныг гайхан бишрэв гэнэ. Гантиг шал, угаалгын онгоц нь цэвэрхэн гялалзсан ийм гоё угаалгын өрөөг тэр амьдралдаа анх удаа л харж байгаа нь тэр.
Үйлчлэгч бүсгүй угаалгын өрөөг онцгой газар гээд хүүгээ томоотой суухыг захиад зочдод үйлчлэхээр явжээ. Хүү гантиг шалан дээр сууж, махан ороомгоо идэнгээ дуртай дуугаа дуулж байлаа.
Энэ орой магнат үйлчлэгч бүсгүйн дэргэдүүр өнгөрөхдөө хүүхдээ хаана үлдээсэн бэ гэж асууж гэнэ. Бүсгүй ч санаа нь зовж, гадаа цэцэрлэгт тоглож байгаа гэжээ. Магнай толгой дохиод, хүүг хайхаар явжээ. Цэцэрлэгт хэн ч байсангүй. Тиймээс унтлагын өрөөнүүд, гал тогоо, хонгилын өрөөг шалгаж явсаар нэг угаалгын өрөөнөөс хүүхдийн цангинасан дуу хадахыг сонсов.
Хаалгыг нээтэл хүү юм идээд, дуулж байх нь тэр. Магнат үнэхээр гайхан “Чи яагаад энд юм идэж байгаа юм бэ, хүү минь. Энэ ямар газар болохыг мэдэх үү” гэж асуув.
Хүү “Ээж маань үүнийг онцгой өрөө, гэрийн эзэн нь надад зориулж гаргаж өгсөн газар гэсэн. Махан ороомог идэх үү?” гэж хөөрхөн гэгч нь хариулжээ.
Магнат хүүгийн гэнэт хариултыг сонсмогцоо толгой дохин инээмсэглэж, хүүтэй хамт угаалгын өрөөний шалан дээр суулаа. Тэр яагаад ч юм бэ, хүүхэд насаа дурсаж байв. Эцэг эх нь ядуу байсан болохоор арай ядан амь зуудаг байж дээ.
Ингээд хэсэг хугацаанд суусны эцэст магнат баяр үргэлжилж буй зочны өрөөндөө эргэн очиж, тусгай зочинтой болсон тул тэдэнтэй хамт хэсэг байж чадахгүй нь гэж хэлээд уучлалт хүсчээ. Үүнийхээ дараа тэрбээр хоёр таваг авч, хамгийн тансаг, амттай гэсэн бүхнээр дүүргээд хүүгийн сууж буй угаалгын өрөөнд очлоо.
Магнат хүү шиг шалан дээр суугаад хамтдаа юмаа идэж, хамтдаа дуу дуулж эхлэв. Тэр зуураа магнат хүүд ээжийг нь хамгийн гайхалтай хүн, сайн ээж гэж хэлжээ. “Чи ээждээ сайн хандах хэрэгтэй шүү, хүү минь. Ээжийгээ хайрлаж, том болохоороо сайн хүн болоорой” хэмээн магнат хүүд захив.
Энэ үеэр зочид гэрийн эзэн харагдахгүй байгааг анзаарч, түүнийг шилтгээнээр хайж эхлэв. Хайж явсаар угаалгын өрөөнд нэгэн хүүтэй хамт дуулж байхад нь олоод удалгүй бүгд магнат, хүү хоёр дээр нэгдэж, дуу дуулжээ.
Энэ хүлээн авалтын ачаар хүү ээжийгээ олны хүндлэл хүлээсэн хүн гэдэгт итгэж, өөрийгөө хамгийн азтай хүүхэд гэж бодох болжээ.
Он жилүүд өнгөрч, хүү ч өсөж том болж, амжилттай бизнесмэн болов. Тэр өөрийн гэсэн хэдэн саяын бизнес эзэнт гүрэнтэй болж, магнатын шилтгээнд анх харсан шигээ угаалгын өрөөтэй байшин бариулжээ.
Түүнчлэн тэр өгөөмөр зан аалиараа бусдаас ялгарч, сайн үйлсэд хандив тусламж хүргэдэг нэгэн болжээ. Найз нөхөд нь түүнээс яагаад нэрээ зарлалгүйгээр тус хүргэдэг талаар асуухад тэр ингэж тайлбарладаг байв.
“Олон жилийн өмнө магнат, түүний элит зочид бүгд 4-хөн настай хүүгийн сэтгэл санааг дэмжихийн тулд өөрсдийн өндөр статусаа мартсан тэр өдрийг би хэзээ ч мартахгүй” хэмээн залуу бизнесмэн ярьдаг байлаа. Зарим хүний хувьд жижиг юм шиг санагдах үйл бидний амьдралд асар их нөлөө үзүүлдэг ажгуу.
Орчуулсан Б.Нарансолонго