УИХ-ын гишүүн асан “Бридж”-ийн Д.Ганхуягийн охин Номуундарь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сард хар тамхи болон хүчирхийллийн хэргийн хохирогч болсон талаараа цахим хуудсаараа дамжуулан анх цацсан. Дээрх мэдээлэл олон нийтэд хүрсний дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Номуундарийн аав Уул, уурхайн сайд асан Д.Ганхуяг хууль, хяналтынханд охин нь хүчиндүүлсэн гэх асуудлаар гомдол гаргажээ. Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгвэл уг хэрэг хаагдсан талаар эх сурвалж мэдээллээ.
Хэргийн тухайд хохирогч Г.Номуундарь ярихдаа, Монголын урдаа барьдаг томоохон компаниудын захирлын хүүхдүүд Г.Номуундарийн 16 насны төрсөн өдрөөр нь буюу 2015 оны зургадугаар сарын 16-ны өдөр түүний ууж байсан зүйлд мансууруулах бодис хийн согтоож, нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах н.Мөнхцацралтын гэрт ээлжлэн хүчирхийлсэн гэдэг. Түүнээс гадна нэр дурдсан хүмүүс Г.Номуундарийн үеэл дүүг хүчирхийлж байсан гэх ба эдгээр хүмүүс хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэх мэдээллийг өгч байлаа.
Г.Номуундарийг хүчиндсэн гэх Э. Т нар нь Эрүүгийн хэрэг нээхээс өмнө гадаад улсад суралцахаар Монгол Улсын хилээр гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хэн нэгэнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр ял сонсгож яллагдагчаар татаагүй тохиолдолд хилийн хязгаарлалт тогтоох, эрэн сурвалжлах гэхчлэн аливаа албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй. Гэхдээ тэдний эцэг, эхээс мэдүүлэг, тайлбар авсан. Цаашид хохирогчийн эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс Номуундариас үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа” хэмээн Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман өнгөрсөн оны хоёрдугаар сард ярьсан байдаг.
Г.Номуундарийн олон нийтэд цацсан бичлэгт Мөнхцацралт, Чингүүн, Чинзориг, Амартүвшин, Батзориг, Тэнгис, Тэргэл, Ивээлт, Энх-Очир, Хасбаатар гэсэн нэр дурдагддаг. Мөн эдгээр залуусыг хэрэг гарсны маргааш Г.Номуундарийн аав Д.Ганхуягийн жолооч нь эрүүлжүүлэхээс гаргаж авсан гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм.
Хохирогч Г.Номуундариас түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрбээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан аж. Түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг тухайн үед зогсоож, хохирогчоос дахин мэдүүлэг авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай байна гэж мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард мэдээлж байв.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, Г.Номуундарийн мэдүүлгийн дагуу нэр бүхий 30 иргэнийг хүчирхийллийн болон хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалт явуулж, Г.Номуундарь болон түүний үеэл дүү Н нарыг хүчирхийлсэн гэх хэрэг нотлогдоогүй, нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд хаажээ. Тодруулбал, хар тамхины хэргийг үргэлжлүүлэн шалгах явцад бичлэгт нэр дурдагдсан 30 хүний 14 нь Монгол Улсад байсан бөгөөд эдгээр хүмүүсийг биологийн шинжилгээнд хамруулахад бүгд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон боловч сэжигтэн этгээдүүд хар тамхи биедээ авч яваагүй, худалдаагүй аж. Тиймээс зөвхөн хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу нэг сая төгрөгийн торгууль оногдуулжээ.