Өнөөдөр Дашнямтай өдөр. Монголчууд бид тухайн жил, сар, өдрийн өнгийг тодорхойлж мэддэг, тэрхүү од гариг эрхсийн байршлаар амьдралаа зохицуулж ирсэн ард түмэн. Энэ зан үйлийг манжийн дарангуйлалтай холбон тайлбарладаг ч өдгөө амьдралдаа хэвшүүлсэн хүмүүс цөөнгүй.
Шашин шүтэх, эс шүтэхээс үл хамааран өдрийн сайн, мууг хардаг нь бидний гэм биш зан болсон цаг. Гэхдээ чухам тэрхүү сайн, муу хэмээн ялгасан өдрүүд юунд хэрхэн нөлөөтэй талаар мэдэх хүн хэр олон бол? Ялангуяа Дашнямтай, Балжиннямтай өдөр тохиовол нарийн ойлголтгүй ч их сайн өдөр гэж барагцаалан элдэв ажил үйлсээ бүтээхийг эрмэлздэг билээ.
Тэгвэл онцгой өдрийн үрийн тухай хэрхэн тайлбарласан байдгийг товч хүргэе.
Балжинням, Дашнямтай өдөр
Аливаа үйл бүтэх сайн. Балжиннямыг цог буяны, Дашнямыг өлзий хутгийн машид сайн өдөр хэмээдэг. Эл өдрүүдэд хохимой өдөр болон газрын эздийн гуйлт таарсан ч гэм болохгүй хэмээн гол шүнгүүдэд номлосон байдаг байна.
Модон хохимой өдөр
Эл өдөр балгадын үйлийн эх хатгах, шинээр шүтээн босгох, амьлах, бэр авах, үзмэр үзүүлэх, дарцаг хийсгэх, эд малыг гадагш өгөх, хүү сангийн ам нээх, хүүр гаргах, хөрөнгө талбих тэргүүтэн амьд үхэгсэдийн үйлнээ муу хийгээд зайлшгүй хийх шаардлага болбол гурилаар гар хийж зүүн хойш хаявал элдэв гэм үгүй болох. Аливаа үйлийг хянамгай хийвээс зохистой хэмээдэг байна. Хохимой гэдэг нь хүн, малыг хараасан үг аж.
Тэрсүүд гүйх өдөр
Тойн болох, ном сонсох, бурхныг тахих, хишиг даллага авахуулах, замд гарах, нүүдэл суудал хийх, бэрийн үйл, хүүр гаргах тэргүүтнийг тэвчвээс зохилтой. Хийх шаардлага гарваас ном уншуулж засах хэрэгтэй гэдгийг зөвлөдөг юм байна. Тэрс гэдэг нь гажууд, зөрүүд гэсэн утгатай. Шашин талаас нь тайлбарлавал бурхны шашны сургаалтан нар бурхны шашин бол дотоод ном, түүнээс бусад нь гадаад ном гэж үздэг гэнэ. Тиймээс гадаад номтон нь бурхны шашныг эс шүтэх тул тэрсүүд нар болно гэсэн үг.
Энэ мэтээр өдрийн үрийг тайлбарладаг байна. Өнөөдөр Дашнямтай өдөр тохиож байна. Дашням гэдэг нь сайны хувь, хишиг буян гэсэн утгыг илэрхийлдэг аж. Тэгэхээр өнөөдөр сайны хувьтай, хишиг буян нь дэлгэрсэн өдөр болно гэх зэргээр ойлгож болох юм байна.