Ким Жон Уныг 2013 онд нагац ахыгаа цаазаар авч, дараа нь бусдад анхааруулахын тулд толгойг нь олны нүдэнд ил өлгөсөн гэж “Daily Mail” сонин мэдээлэв.Тус сонин энэ мэдээг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн ойр дотны дэмжигчидтэйгээ өнгөрсөн долоо хоногт уулзахдаа хэлсэн талаар ч мөн дурджээ.
БНАСАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг 2013 онд Ким Жон Уны нагац ах Жан Сон Тэк нь хар тамхи, авлига, садар самууны хэрэгт буруутгагдан цаазлуулсан тухай мэдээлж байв. Хойд Солонгост эрх мэдлээрээ Кимийн дараа бичигдэх нөлөөтэй байсан энэ хүний үхлийн тухай олон таамаг байдаг. Гэхдээ хэвлэл мэдээллийнхэн түүнийг буудан хороосон хэмээн мэдээлж байсан юм.
Трамп энэ уулзалтын үеэр Ким Жон Ун бол яриа хэлэлцээ хийхэд маш ярвигтай хүн. Түүнтэй хэлэлцээ хийх нь Францын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхээс тэс ондоо зүйл хэмээн хэлсэн гэнэ.
Умард Солонгосын удирдагчтай хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт хийсэн ч зөвшилцөлд хүрээгүй Дональд Трамп түүний улс орноо удирдах арга барил, ялангуяа гадаад бодлогод шүүмжлэлтэй ханддагаа бас илэрхийлжээ.
Эх сурвалж:Daily mail