Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.05.10) Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Мишел Форстыг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын тусгай илтгэгч ноён М.Форст 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 13-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд тэрбээр хүний эрхийн асуудлыг онцгой анхааран ярилцаж буй энэ үед Монголын парламентын тэргүүнтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж техникийн тусламж, зөвлөмж үзүүлэх талаар ярилцах зорилгоор ажиллаж буйгаа УИХ-ын даргад танилцуулав.
Монгол Улсын парламент энэ 7 хоногт хүний эрхийн асуудлаар салбар бүрийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийснийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод “Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан. Манайд хүний эрхийн тулгамдсан асуудлууд байсаар байгаа ба хүний эрхийг хангах зорилтыг хэрэгжүүлж, хяналт тавих албан ёсны институтийг бэхжүүлэх шаардлага байна. Манай улсын Хүний эрхийн Үндэсний комиссын хувьд ноцтой хэрэг, зөрчлийн талаар шийдвэр гаргаж, хяналт тавих эрх нь хуулийн хүрээнд хязгаарлагдмал байгаа тул энэ асуудлыг хууль тогтоох дээд байгууллага авч хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна” гэлээ. Түүнчлэн хүний эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хангах асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулахаар төлөвлөж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгаад хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах гэх зэрэг асуудлаарх санал, зөвлөмжийг хүлээн авахдаа таатай байна гэдгээ илэрхийлэв.
Уулзалтын үеэр дээрх чиглэлээр цаашид хамтран ажиллах, ялангуяа хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, энэ талаарх олон улсын туршлагыг судлах, сургалт зөвлөгөөн зохион байгуулах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Ноён М.Форст Монгол Улс бүс нутагтаа хүний эрхийг хамгаалах асуудлаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж байгааг уулзалтын үеэр онцлон тэмдэглэж байлаа. Гэхдээ хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгож, тогтолцоог бий болгох нь чухал гэдгийг ноён М.Форст тэмдэглэн хэлж байв. Тэрбээр улс орнуудын туршлагаас хуваалцах нь чухал ач холбогдолтой гэдгийг дурдаад олон улсын мэргэжилтнүүдийг урьж, сургалт зөвлөгөөн зохион байгуулах УИХ-ын даргын саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд тэрбээр хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор дахин Монгол Улсад ажиллахаар төлөвлөж буйгаа дуулгасан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.