Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Цастын нуга” гэдэг газар “Орхон” голын усанд Дархан-Уул аймгийн харъяат 47 настай Б /эрэгтэй/ өчигдөр 18:00 цагийн орчим загас барихаар явж байгаад осолджээ. Цастын нуга гэдэг газар нь сумын төвөөс зүүн урд зүгт 35, аймгийн төвөөс баруун урд зүгт 147 км-т оршдог.
Голд хүн осолдсон тухай дуудлагыг өчигдөр 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, цагдаагийн 1 алба хаагч болон хамт явсан 4 иргэний хамт нийт 12 хүн нохойтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр дөрөвдүгээр сарын гуравдугаар арав хоногийн турш Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд усны түвшний хоногийн хэлбэлзэл 5 см орчим байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-65 см ахиу байжээ.