Жил жилийн хавар иргэдийн гол хэрэглээ болох махны үнэ тэнгэрт хадаж, хомсдол үүсдэг. Энэ жилийн хувьд мах өмнөх жилүүдээс ч илүү үнэд хүрч ард түмнийг “сөхрүүлэв” . Нийслэлчүүдийн махны хэрэглээг хангадаг томоохон худалдааны төвүүдэд нэг килограмм махыг 10 мянга давсан үнээр худалдаалж байна.
Манай улсын 2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр мал сүрэг 66.5 сая толгойд хүрснийг салбар яамнаас мэдээлсэн. Өнгөрсөн жил 7500 төгрөг байсан үхрийн мах энэ жил 12.500 төгрөгийн үнэ ханштайгаар “Хүчит шонхор” худалдааны төвд зарагдаж байна.
Тус худалдааны төвд хонины ястай мах 9500 төгрөг, хонины цул махыг 10 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол ямааны ястай мах 8500 төгрөг, цул нь 9000 төгрөгийн үнэтэй байсан бол үхрийн цул мах 11.500 төгрөг, ястай мах нь 12.500 төгрөгийн үнэтэй байна. Адууны цул мах 9800 төгрөгийн үнэтэй бол ястай мах нь 9500 төгрөг.
Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулж жилд дунджаар 12 мянган тонн махыг бэлтгэдэг байсан бол энэ жил өмнөх жилүүдээс гурав дахин бага буюу дөрвөн мянган тонн махыг бэлтгэжээ.