УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, санал гаргалаа. Тухайлбал, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар гишүүд дараах байр суурийг илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудалд Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг зөвхөн Байнгын хороогоор биш, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. Энэ асуудлыг Байнгын хорооны гишүүдийн саналаар танилцах байсан ч чуулганы хуралдаанаар оруулах нь зүйтэй. Хоёрдугаарт, “Рио Тинто”-оос Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд ирүүлсэн хариу тайлбарыг бусад гишүүдэд тараахгүй байхад анхаарч өгнө үү. Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт зөвхөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тараагдсан. Уг дүгнэлтийг нийт гишүүдэд тарааж танилцуулж, энэ талын ойлголттой болгоход анхаарч өгөөч гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Г.Тэмүүлэн гишүүний ярьсантай холбогдуулж хэвлэлээр юм гарч эхэлсэн байна. АТГ-ын дүгнэлтээс бусад бүгдийг гишүүдэд хүргүүлсэн байсан. Нууцлалын зэрэглэлтэй хоёр материалыг ч хүргүүлсэн. “Оюу толгой”-н хүсэлтээр 43 хуудас материал хүргүүлсэн. Энэ бол нууцлалтай ямар ч холбоогүй. Энэ бол Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой материал. Дамба-Очир гэдэг нөхөр нууцлалын зэрэглэлтэй материалыг тараасан мэтээр яриад байна. Тийм зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг шинэчлэх асуудал тавьж байсан. Энэ асуудал яригдмагц Ажлын хэсгийн дарга дэд ажлын хэсгийг яаруу сандруу хуралдуулж, дүгнэлт гаргаад, туслахаа өрөөнүүдээр явуулж, гарын үсэг зуруулсан. Би үүнд сэтгэл хангалуун бус байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: Гишүүдийн гаргасан саналтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Оюутолгойтой холбоотой асуудлыг эхлээд Эдийн засгийн байнгын хороон дээрээ нухацтай ярилцаж, ойлголцох хэрэгтэй гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Өнөөдөр аугаа их Ялалтын баярын 74 жилийн ойн өдөр. Энэ түүхэн өдөр Улаан талбайд монгол хүүхдүүд оролцож, ая дуугаа өргөж байгааг хэлэх сайхан байна. Гишүүддээ Ялалтын баярын мэнд, монголчуудын оролцоотой ялалтын баярын мэндийг нийт ард иргэддээ хүргэе” гэлээ.