УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Судалгаа, мэдээлэл, шинжилгээний төвийн дарга Ц.Мандах нарын танилцуулга илтгэлээр үргэлжлэв.
Хүүхэд хамгааллын тухай хуулиар боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, гэр бүлийн гэсэн үндсэн таван орчинд хүүхдийн эрх хамгаалагддаг байна. Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн ихээр буюу 80 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд гэр бүл салалт, архины хамааралтай эцэг эх, дахин гэрлэлт, хараа хяналт сул байдаг зэргээс үүдэлтэй байдаг аж.
Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж хангалттай батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй, анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ур чадвар, мэдлэг мэдээлэл дутмаг, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдал нь хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд саад болж байгаа шалтгаанууд болохыг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байна. Төрөөс нэгдсэн бодлогоор хангаж, халамжийг биш хөгжлийг дэмжсэн бодлого үгүйлэгдэж байгааг төрийн бус байгууллагын төлөөлөл хэлж байсан юм. Тодруулбал, халамжийн мөнгө буудаг өдөр баг, хороонд архидалтын тоо нэмэгддэг байна. Төрсөн хүүхдүүдээ асрамж хамгааллын төвд өгчихөөд “Эхийн алдар” одонгийн мөнгө, хүүхдийн мөнгөө авах гээд хөөцөлдөж явдаг эхчүүд олон байдаг. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах зохицуулалт байдаг. Гэхдээ энэ зохицуулалтыг эргэн харах шаардлагатай бий. Тухайлбал, хүүхдээ хүчирхийлдэг, үл хайхардаг хүнээс эцэг, эх байх эрхийг хасах нь хариуцлага хүлээлгэж байгаа хэлбэр мөн эсэх нь эргэлзээтэй. Эрхийг нь хасаад хүүхдийг нь асрамж хамгааллын төвд шилжүүлээд гарсан зардлыг нь эцэг, эхээр нь төлүүлэх зохицуулалттай ч төлбөрийн чадваргүй бол яах ч аргагүй болдог. Эцэг, эх байх эрхийг хассан ч албадан хөдөлмөр эрхлүүлэх зэргээр шийдвэрлэх тал дээр анхаарахыг ч тэд УИХ-ын даргаас хүсэж байлаа.
Гэр бүлийн хүчирхийлэл нь эдийн засгийн хөшүүрэгтэй шууд холбоотойг Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл сануулж байна. Гэртээ хүүхдээ асраад сууж байгаа эмэгтэй нөхрөөс эдийн засгийн хувьд хараат болдог. Хүчирхийлэл үйлдэгч нөхөртөө ял оноогоод явуулахад санхүүгийн хүндрэл үүсэх учраас хууль хяналтын байгууллагад гомдол гаргахгүй нуугаад өнгөрөх байдал байсаар байгааг тэд хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн 4 жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдсэн байжээ. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудлууд тулгардаг. Хүчирхийлэл үйлдэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд орж байхад хохирогчид өмгөөлөгчгүй байдаг. Иймд стратегийн өмгөөлөл хийх 12 өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Ингэснээр улсын хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн хэргийг шүүхээр нэг ижил ялын бодлогоор шийдвэрлүүлэхэд жишиг тогтоох боломжтойг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх танилцууллаа.
Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 2012-2016 оны хороонд үйлдэгдсэн 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд суурь судалгаа хийжээ. Бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна. Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувийг эмэгтэй, 3,9 хувийг эрэгтэй байсан байна. Шүүхээр эцэслэн шийдэгдсэн энэ төрлийн 250 хэрэг дээрх судалгаанд оржээ. Хүчирхийлэл үйлдэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлсэн бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан хүмүүс байжээ. Дээрх судалгаанд хохирогчдын дундаж нас 11 байсан нь анхаарал татаж байгаа юм. Хүчирхийлэл голдуу наймдугаар сард үйлдэгддэг. Дулааны улирал эхлэх, сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэжээ. Харин хохирогч хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хангалттай хийгддэггүй орхигддог тал байгаа болохыг тус Сургалтын төвийн дарга М.Гантулга хэлсэн юм.
Нэг хохирогчийн ард гэр бүл бүхэлдээ хохирч байгааг анхаарч, хүүхдийн бага наснаас нь зөв төлөвшүүлэх сургалтыг насны онцлогт нь тохируулан зааж сургах шаардлагатай байгааг Хүүхэд хамгааллын “Үжин” төвийн захирал Д.Ундраа онцолсон. Бага насандаа амссан сэтгэл зүйн цочрол насан туршид нь байсаар сэтгэцийн эмгэгтэй болдог учраас эрт илрүүлж, урт хугацаанд эмчлэх шаардлагатай байдгийг сэтгэл засалч эмч А.Солонго хэллээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид нийгмийн сүлжээгээр хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн зураг мэдээллийг хяналтгүй цацаж байгаа нь сөрөг үр дагавар үүсгэж байгааг ч онцолсон. Мөн бага насны хохирогч хүүхдүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцлийг сайжруулж, мэдээллийг нууцлах, бэлгийн замын халдварт өвчнийг үзлэгийг тогтмолжуулах, эмч боловсон хүчнийг бэлтгэх талаар саналаа хэлж байлаа.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо, технологи, бага наснаас нь хүүхдийг зөв төлөвшилтэй болгох, салбар бүрийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаатай хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байлаа. Ялын бодлогыг чангатгах асуудлыг УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол дурдав.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлээд УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг хэрэгжилтийг төрийн байгууллагуудаас шаардаж ажиллахаа сануулав. Тэрбээр, яам агентлагууд, цагдаа, хяналтын байгууллагууд хууль эрх зүйн орчныг шинэчлэх саналаа боловсруулж УИХ-д ирүүлэхийг үүрэг болголоо.
Мөн 14 хоногийн дараа хүүхдийн эрхийн асуудлаар хяналтын “Нийтийн сонсгол” зохион байгуулахаар болсноо албан ёсоор зарлаж, энэхүү сонсголд бүх хүн оролцох боломжтой бөгөөд иргэд гомдол, саналаа бичгээр ирүүлж болохыг хэлсэн юм. Түүнчлэн УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс энэ сарын сүүлээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр томоохон хэлэлцүүлгийг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болсноо зарлалаа.
Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.