“Мөнхийн нөхөрлөл гэж үгүй. Мөнхийн эрх ашиг гэж бий” гэж Уинстон Черчил хэлсэн байдаг. Үнэхээр ч МУИС-ийн физикийн ангийг хамт дүүргэж, 1990 оны ардчиллын салхийг сэвэлзүүлэхэд гар бие оролцож явсан ангийн андууд нэгэн цагт мөнхийн эрх ашигт захирагдаж түнжин хагардаг юм байна. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын хуучин цагт “хүзүү, сээрээрээ хэлхэлдэн” авхуулсан залуу цагийн хар цагаан зургууд нандин дурсамжийг нь сэргээж байсан бол одоо тэдний бие бие рүүгээ хялалзан харсан зургууд хэвлэлийн хуудсыг “чимж” байна.
Бие биедээ эвгүй үг чулуудаж, мэнд устай зөрөх нь багассан шалтгаан нь өмнөх засгийн үеийн бондын зарцуулалтаас үүдэлтэй. Харин гал дээр тос нэмсэн үйл явдал Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үедээ 2014 онд МАХН-ын дарга Н.Энхбаяртай гэрээ байгуулснаар бий болсон. Энэ үед Ардчилсан намын олон гишүүн уг гэрээг эсэргүүцсэн ч Э.Бат-Үүл шиг оройлон оролцсон хүн байгаагүй. Тэрбээр “Н.Алтанхуяг хүний санаанд багтамгүй увайгүй үйлдэл хийлээ. Тэр Ерөнхий сайдын албан тушаалаа авч үлдэхийн тулд танхимынхаа долоон сайдыг золиослосон.
Харин одоо бүр намаа золиослохоор оролдож байна” хэмээн хэвлэлийн хурал зарлаж, “Хэрвээ намаа авармаар байгаа бол Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр кнопоо дараарай” гэж уриалж байв. Сүүлд Н.Алтанхуяг намын гишүүд, иргэдийн төөрөгдлийг арилгах гэрээтэй холбоотой тайлбар хийсэн ч өндрөө авсан Э.Бат-Үүлийн мэдэгдлийг давж чадаагүй.
Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах ажлыг гардан зохион байгуулсан хүнийг Э.Бат-Үүл гэж үздэг. УИХ-аар Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас нь буулгах эсэх асуудлыг хэлэлцэх үед арай ч огцорчихгүй байлгүй гэсэн итгэл түүний үг, үйлдлээс харагдаж байсан. Тухайн үед хоёр намын суудлын харьцаа ойролцоо байсан. Иймд МАН-ынхан эсрэг кноп дарлаа ч Ардчилсан намынхан Ерөнхий сайдаа суудал дээр нь тогтоогоод үлдэх боломж байв.
Гэвч тус хуралд “Шонхор” фракцын 6-7 гишүүн оролцоогүй, мөн Х.Баттулга тэргүүтэй МоАХ-ны хэд хэдэн гишүүн эсрэг кноп дарсан байдаг. Ингээд 30:36 саналын харьцаагаар Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаасаа буулаа. “Шонхор” фракцыг Н.Алтанхуягийн эсрэг тавьж, түүнийг огцруулахад намын гишүүдээ уриалсан “нууц ноён” бол Э.Бат-Үүл хэмээдэг. Тийм ч учраас Н.Алтанхуяг өөрийнхөө албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулж “МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Э.Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун. Бид хоёр улсын хөгжил, Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү” хэмээх гомдлын үгийг хотын дарга руу эргүүлж чулуудаж байлаа.
Тэдний сөргөлдөөн одоо ч хэвээр. Магадгүй эрх ашгийн төлөөх зөрчил илүү гүн гүнзгий болсоор байж мэднэ. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар өрсөлдөж байна. Тэд эрх мэдэл, эрх ашгийн төлөөх хамгийн том тулааны талбарт ирлээ. Тиймээс хэнээс ямар үйлдэл гарахыг таахад бэрх байна. Н.Алтанхуягийн хувьд Э.Бат-Үүлээр өмнө нь багагүй баалуулсан. Модоор хатгахад хорхой хүртэл атирдагтай адил Н.Алтанхуяг хотын дарга асанд гомдлын мөр тээсээр яваа нь ойлгомжтой.
Ингэхдээ Э.Бат-Үүлийн хүү Чулуудайгаар оролдож эхэлсэн гэх хар төрүүлж байна. Өнөөгийн нийгэмд оффшорчдыг илрүүлсэн хүмүүс ард түмнээс хамгийн том оноо авч байна. Харин ашигласан, ашиглаагүйгээс үл хамаарч оффшор данстай байсан бол төрийн мөнгийг луйвардсан гэх нэрийг хүссэн, хүсээгүй зүүж байна. Иймээс Э.Бат-Үүлийн хамгийн эмзэг цэг болсон хүүгийнх нь оффшор данстай холбоотой асуудлыг өндрийг нь авхуулахад Н.Алтанхуяг гар, бие оролцож байгаа гэх хардлагыг улс төрийн хүрээнийхэн хэлж байна.
Хуучин цагт бага залуугийн дурсамжаа хуваалцаад суудаг байсан хүмүүс өнөөдөр бие бие рүүгээ хорслын харц зангидаж байна. Хэн, ямар эрх мэдэлд хүрэхээс хамаарч дахиад л зөрчил, тэмцэл үргэлжилнэ. Гэвч Монгол Улс хөгжлийн өндөрлөг бүү хэл, ирмэг дээр нь ч бат сууж чадаагүй байгааг санах учиртай. Хэрэв ардчиллын мөн чанарыг жинхэнэ утгаар нь нутагшуулж, хөгжлийн зөв зам руу орж, тууштай урагшилж яваа бол Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын зөрчлийг тоох шалтгаан алга. Гэтэл Монгол Улс хямралын ангал дээр байна. Энэ цагт тэд хүчээ зөрчил тэмцэлд зориулахын оронд улс орныхоо хөгжлийн төлөө хүчин зүтгэвэл сайнсан. Монгол орон хөгжөөгүй байна. Та бүхний хийх ажил дуусаагүй байна.
Эх сурвалж:
2 comments
Батүүл даанч яав даа
ЭНЭ 2 ХУЛГАЙЧИЙН АСУУДАЛ АРД ТҮМЭНД ЯМАР ХАМАА БАЙНАА. ОДОО 90 -Д ОН БИШШШ. . . ЗҮГЭЭР Л ГЭРТЭЭ АВГАЙ НАРААРАА НУРУУГАА МААЖУУЛААД СУУЖ БАЙ. . . ЗАЛУУ ҮЕ УЛС ОРНОО АВЧ ЯВАГ