Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг урьж, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Таны даргалсан Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжлээ. “Эдийн засгийг сэргээх тухай” УИХ-ын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор эл хуулийн төслийг боловсруулах чиглэл өгч байсан. Энэ чиглэлийг бүрэн хангасан эсэх талаар таниас лавламаар байна?
-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг Сангийн яам, Монголбанк хамтран боловсруулж, Засгийн газар, УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник, технологи ашиглан хийж байгаа ч цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй байна. Мөн төлбөрийн систем, түүнд оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий Монголбанкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй, төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй байдаг. Хэдийгээр хуулийн төсөлд тусгагдсан олон харилцаа өнөөдөр банкуудад мөрдөгдөж байгаа ч хууль эрх зүйн хувьд баталгаажаагүй. Иймээс энэ хуулиар төлбөр төлөгч, төлбөр авагч, зуучлагч банкны ажлын холбоог зохицуулахад оршиж байгаа юм. Улмаар төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг энэ хуулиар зохицуулж өгсөн.
-Монголд техник технилоги хамгийн өндөр хөгжсөн салбар бол банк. Тэгэхээр банкны тухай хуулиар энэ бүхнийг зохицуулаад авах боломжтой юм биш үү?
-Монголд банкны систем сайн хөгжсөн. Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банкууд дээр тогтож байгаа. Бүх банкцахим системийг нэвтрүүлсэн. Банкинд дугаарлахаас эхлээд банкны үйл ажиллагаа бүгд цахим болсон. Ийм нөхцөлд гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй их хэмжээний мөнгө Монгол Улсад банкаар дамжиж эргэлдэж байна гэсэн үг. Энэ их мөнгөн гүйлгээнд тавих хяналтын системийг энэ хуулиар зохицуулж өгч байгаа юм.
-Дэлхийн банкны тусламжаар системийг боловсронгуй болгож байгаа гэх мэдээлэл байсан?
-Дэлхийн банкнаас Монголбанкинд 2015 оноос эхлэн үзүүлж байгаа техникийн туслалцааны хүрээнд Монгол Улсын Үндэсний төлбөрийн системийг 2015-2020 онд хөгжүүлэх баримт бичгийг боловсруулсан. Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн системийн бодлого, төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй, үр ашигтай байх зарчим, төлбөрийн системд оролцогчдод тавих нөхцөл, шаардлагыг тодорхойлон, хяналт тавих чиглэл, үндэслэл, хэрэглэгч, төв банк болон системийн оролцогчдын эрх хэмжээг зохицуулахаар тусгасан байгаа. Мөн төлбөр тооцоог бэлэн болон бэлэн бус төлбөрийн хэрэгслээр хийх зохицуулалтыг өргөтгөн, бэлэн мөнгөний хэрэглээг багасгах, зардлыг хэмнэх, улмаар бэлэн бус төлбөр тооцоог дэмжих зорилгоор цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлох төлбөр тооцооны хэрэгслээр гүйцэтгэх нөхцөл, журмыг тусгасан заалтууд бий. Гол нь банкны хяналтыг сайжруулж, гурвалсан харилцагчийн харилцааг эрх зүйн хувьд зохицуулж байгаа юм.
–Дебит болон кредит шилжүүлэг, төлбөрийн карт зэрэг төлбөрийн цахим хэрэгслүүд, урьдчилсан төлбөрт картаар хийж буй төлбөр тооцоог бэлэн төлбөрийн хэрэгсэлтэй харьцуулахад харьцангуй сул хамгаалалттай байдаг тухай гишүүд хэлж байсан. Тэгэхээр хууль батлагдсанаар энэ эрсдэл үгүй болно гэсэн үг үү?
-Энэ хуулиар хуульчдагдаагүй олон харилцааг зохицуулж байгааг дээр хэлсэн. Аливаа зүйлийг хийхдээ шат дараалалтай хийх учиртай. Өөрөөр хэлбэл, энэ бол зөвхөн эхлэл. Дэлхийн хэмжээний Санхүүгийн иж бүрэн системийг хийж чадаж байна уу гэвэл чадаагүй. Тодорхой хугацаанд энэ хуулийн зохицуулалтаар ажиллаж, цаашид улам сайжруулах замаар Монгол Улсын хэмжээнд санхүүгийн төлбөрийн төгс системийг бий болгох суурь нь энэ хууль болох ёстой гэж үзэж байна.
-Өөрөөр хэлбэл..?
-Энэ хуулийг хэрэгжүүлсэнээр төлбөрийн хэрэгслийн нэгдмэл байдал хангагдана. Аюулгүй байдал, нууцлалтай болно. Монголбанкин дээр цахим гүйлгээг төвлөрүүлж хянадаг болно. Хяналтын тодорхой системтэй болно гэж ойлгох хэрэгтэй.
-Манай банкуудын нууцлалын систем муу гэх нь бий. Тиймдээ ч цахим гэмт хэрэг буюу Кибер халдагчдын халдлагад өртөж, хохирох нь бий. Үүнийг энэ хуульд хэрхэн тусгасан бэ?
-Монголбанкин дээр арилжааны банкуудын мэдээллийн сүлжээ байрлаж, цахим халдлагаас хамгаалах юм. Энэ системийн тусламжтайгаар мөнгийг гэмт халдлагаас хамгаалах, хууль бус гүйлгээнд оруулах буюу кибер халдлагаас хамгаалах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, ийм хамгаалалтын системүүд нь манай банкуудад бий болж байгаа юм. Гэхдээ кибер гэмт хэргийн тохиолдол манайд харьцангуй бага. Нэг, хоёр тохиолдлыг эс тооцвол. Харин ч банкны систем харьцангуй найдвартай хамгаалагдсан гэж хэлж болох байх. Хууль батлагдсанаар Монголбанк хяналт тавих учраас нууцлалын хэмжээ, аюулгүй байдал нэмэгдэж, сайжрах боломжтой.
-Мөн санхүүгийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа сайжирна гэдгийг та хэлж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ хуулийн нэг онцлог нь төлбөр тооцоо түүнтэй холбоотой хяналтын системүүд сайн болно. Аудит хийлгэх боломж олгоно. Эрсдлийн хяналтын тооцоо Монголын банкны системд улам сайн болно гэсэн үг. Ингэснээр Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж зэрэг газруудын хоорондын хамтын ажиллагаа сайжрах давуу талтай. Мөн цахим мөнгө, хөдөлгөөнт банкны үйлчилгээний цар хүрээ нэмэгдэнэ.
-Тэгвэл дэлхийн жишигт нийцсэн системтэй болж байна гэж ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл, хэр төгс хууль вэ?
-Тухайлбал, АНУ-ын төлбөрийн систем, Англи, Япон зэрэг орны хэмжээнд авч үзвэл бид хол хоцорч байгаа нь үнэн. Учир нь энэ хэмжээнд хүрэх техник технологийн болон эрх зүйн зохицуулалтууд одоогоор Монголд алга. Үүний тулд олон талын бэлтгэл хангах учиртай. Товчхондоо, төгс систем бий болгохбэлтгэл ажил гэж ойлгож болно.
-Хуулийн төслийг шахвал ус нэлээд гарах бололтой. Байнгын хорооны хуралдаан дээр 140 гаруй гаруй зарчмын зөрүүтэй санал хураалт явууллаа шүү дээ?
-Хуулийн төслийг Сангийн яам, Монголбанк хамтарч боловсруулсан. Найруулгын шинжтэй алдаанууд байсан. Эдийн засгийн байнгын хорооноос 140 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Б.Жавхлан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг 140 гаруй зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Үүнийг нь байнгын хороогоор хэлэлцүүлэн санал хураасан нь тэр. Мэдээж хэлэлцүүлгийн явцад засч залруулахаар зүйлүүд ч бий.
-Төслийг боловсруулагч хоёр байгууллагын хороондын уялдаа холбоо муу байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?
-Монголбанк, Сангийн яам хоёр хамтарч хийсэн учраас ерөнхий бодлого чиглэл, хүрэх зорилго нь тодорхой болсон гэж үзэж байгаа. Ямар нэгэн эрх ашгийн үүднээс хандаагүй болов уу. Мөн хоёр субьектийн хоорондын талцал, зарчмын зөрүүтэй зүйл байхгүй. Харин ч харилцан ойлголцож, оруулж ирсэн хуулийн төсөл. Монголд боловсон хүчний чадал чадавхи муудсан гэдэгтэй санал нэг байна.
-Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулах гэдгийг Сангийн сайд хэлж байсан. Иймэрхүү зохицуулалт байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байдал юм биш үү?
-Мэдээж энэ Монголын нутаг дэвсгэр дээрхи гүйлгээ Монгол төгрөгөөр хийгдэх учиртай. Гадаад төлбөр тооцоо гадаад валютаар хийгдэнэ.
-Заавал долларыг дагалдуулах хэрэгтэй гэж үү?
-Монгол төгрөгийн ханш хэтэрхий савлагаатай байгаа тул доллар тооцох хэрэгсэл байхыг үгүйсгэхгүй. Хүн бүр төгрөгөөр худалдаа хийдэг болгохын тулд Монголын төр ханшийг хэтэрхий савалгаагүй барих ёстой. Ханшаа хэт савлуулж ханшийг 60-70 хувиар унагачихаад төгрөгөөр худалдаа хий гэх нь зарим талаар боломжгүй. Ялангуяа гадны байгууллагынхны хувьд боломжгүй. Иймээс төгрөгийг үнэ цэнэтэй байлгахын тулд Монголын төр ажиллах ёстой. Төгрөгийн үнэ цэнэ бол Монгол Улсын үнэ цэнэ. Монголын төр төгрөгөө үнэ цэнэтэй байлгах, ханшийг хэтэрхий савлуулахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Зөвхөн төгрөгөөр худалдаа хийх шаардлагыг тавих нь зүйд нийцнэ.
-Хяналтын систем Монголбанкинд байна гэж та хэлж байна. Өнөөдөр ч төвбанк хяналтаа тавьдаг биз дээ?
-Монгол Улсад цахим технилоги хамгийн их хөгжсөн салбар бол банк. Шинэ систем нэвтрүүлж, төлбөрийн хэрэгсэл, хамгаалалтын түвшинг шинжлэх ухаан технилогийн ололт амжилтаар баталгаажуулах нь мөнхийн ажил. Хуучин Монголбанк хянадаг байсан. Хяналтын тогтолцоог улам сайжруулж байна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, эрх зүйн орчныг нь сайжруулж, олон харилцааг зохицуулж өгч байгаагаараа энэ хууль онцлогтой.
-Төвбанкинд хяналтын зөвлөл байгуулагдана гэж байгаа. Үүнээс гадна хэд хэдэн зөвлөл ч байгуулагдах тухай тусгагдсан. Төсөвт дарамт ирэх үү, эсвэл банк, харилцагч нарын нуруун дээр ачаалал үүрүүлнэ гэсэн үг үү?
-Мэдээж зардал гарна. Гэхдээ хадгаламж эзэмшигч юм уу, төлбөр төлөгчдөд дарамт үүсгэхгүй. Бид ч хуулийн төслийг хэлэлцэх явцад харилцагчдад нэмэлт дарамт үүсгэхгүй байх шаардлагыг анхаарч байгаа.
-Энэ хуулиас гадна Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж эхлээд байна. Ингэснээр МАН гадны банк оруулж ирэх сууриа бэлдэж байна гэх хардлага бий. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Хүн бүрт хардах эрх бий. Гадны банкгүй улс гэж дэлхийд алга. Монголын банкны системд шударга бус өрсөлдөөн их. Монголын эдийн засгийн банкин дээр суурилж байгаа хэмжээг 50 хүртэл хувь болтол нь буулгаж, Хөрөнгийн зах зээлээ хөгжлүүлэх шаардлага байна. Томоохон төслийг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулалтын том банкууд хэрэгтэй.
-Гэвч байгалийн баялаг ихтэй болохоор эрсдэл дэндүү өндөр гэх болгоомжлол бий?
-Монгол шиг өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг ихтэй оронд эрсдэл бий. Гэвч дотоодын банк 300-500 сая долларын төсөл хэрэгжүүлэх чадамж хомс. Иймээс хөрөнгө оруулалтын банкууд хэрэгтэй гэж үзэж байна. Ардчилал зах зээлийн замаар хөгжсөн 27 жил монголчууд дотоодын банкуудтайгаа харилцаж ажиллаа. Манай банкуудын жилийн хүү 20-24 хувь байгаа. Ийм өндөр хүүтэй зээл авч бизнес хийнэ гэдэг тун хүнд. Шулуухан хэлэхэд, ийм өндөр хүүтэй зээл аваад ямар ч бизнес хийж чадахгүй. Монголд зээлийн хүүг бууруулах шаардлага байна. Гадны банкийг дагаж шинэ технилоги, шинэ мэдлэг, эрсдэлийг тооцох шинэ менежмент, хөгжил дэвшил орж ирнэ.
-Монголын эдийн засаг дэндүү жижиг. Тиймээс том тоглогчдын гарт орох эрсдлийг анхаарахгүй хаяж болохгүй байх л даа?
-Монгол гадныхны эрхшээлд орно гэж харахгүй байна. Мэдээж аливаа зүйл сайн, муу хоёр талтай. Дандаа сайн талыг нь харахаасаа илүү сөрөг талаас нь ч асуудлыг авч үзэх нь буруугүй. Монгол Улсын хөгжил, аюулгүй байдалд эрсдэлтэй эсэхийг нь бодож, төлөвлөж, шат шатандаашийдвэрээ гаргана. Ямар ч байсан Монголын банкны системд шударга өрсөлдөөн, шилдэг менежмент, үр ашигтай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр хэрэгтэй байна.
-Үүний тулд эрх зүйн орчныг өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм тодорхой байх шаардлагатай. Тийм биз?
-Эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Жишээ нь, нэгдүгээрт Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой төсөл, Зэс хайлуулах үйлдвэр, Нефть боловсруулах үйлдвэр гээд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт чухал. Хөрөнгө оруулалтын банкууд эдгээр төслийг санхүүжүүлнэ. Хоёрдугаарт, төгрөг 1300 байснаа 2500 болж бараг 100 хувиар унасан. Ийм үед гадны банк орж ирсэнээр мөнгөний ханшийн уналтад эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Мөн Оюутолгой, Бороо гоулд ч гэдэг ч юмуу Монголоос гарал үүсэлтэй экспортлосон барааны үнэ нь гадаадын банкинд орж байна. Хэрэв гадны нэр хүндтэй банк орж ирвэл тэр мөнгө Монголоор дамжих боломж бий болно. Түүнчлэн тэрхүү банкуудтай хамтарч гадаад зах зээл дээр хөрөнгө босгох, монголчууд хөрөнгийн зах зээл дээр ажиллахгэх мэт боломжууд бий. Иймээс гадны банкийг аймшигтай зүйл мэтээр харах хэрэггүй.
-Таны хувьд гадны банк оруулж ирэхийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Тэгж ойлгож болно биз?
-Гадны банк орж ирсэнээр шударга өрсөлдөөн бий болно. Гол нь эрх зүйн орчныг нь тодорхой болгож зөв шийдвэр гаргаад явахад яагаад болохгүй гэж.
Эх сурвалж: Л.НИНЖСЭМЖИД
1 comment
ENE ULS TORD BGAA HUMUUS NEG YUM OILGOMOOR YUM.
1.HICHNEEN MONGO IDLEECH MGL ULS BHGUI BOLVOL TER MONGON DEVSGERT CHINI YU CH BISH TSAAS
2.HEDII DOLLAR IH HEMJEEGEER HADGALSAN CH OORIIN GESEN NUTAGGUI UR UDAM CHINI HUNII NUTAGT BOOL BOLNO.HUNII NUTAGT HEN CH CHAMAIG DEMJIHGUI
3.ENE IH YADARSAN ARD TUMNII URSAH NULIMS TSUSNII UNETEI BUZAR MONGO CHINI UR UDAMD CHINI HARAAL BOLON ULDEJ HEDEN UEEREE UIL TAMAA TSAIH BOLNO.
ETSEST NI HELEHED ENE SAIKHAN ORGON UUDAM NUTAG TSEVER AGAAR SETGEL TENIIM SAIHAN TAL AMISGAA HAANA CH OLDOHGUI.YAMAR CH UNEER OLDOHGUI.ENE BOL MINII TORSON NUTAG BIDNII OMCH BIDNII HOICH UEIIN OV HORONGO.BID HAMGAALAH ESTOI