Хэнтий аймгийн Онцгой комисс ОХУ-аас хил даван орсон түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр шуурхай хуралдлаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос гарсан түймрийг 27-ны өдөр цурманд оруулсан боловч 28, 29-ний өдөр салхины хүч ихэссэний улмаас ойн түймэр дэгдэж, одоогийн байдлаар 24.400 га талбай шатаад байна.
Түймрийн голомтод дөрвөн хэсэгт нийтдээ 312 хүн, 28 автомашин, 30 морьтойгоор ажиллаж байна. Түймрийн тархац хойноос урагш 19 км, зүүнээс баруун тийш 15 км орчим гэж мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Ойн түймрийн баруун тал нь Батширээт сумын Турагтхаан уул, Урд тал нь Батширээт сумын Цагаан горхи, Зүүн тал нь Биндэр сумын Амгалантын голын орчимд гэж дүгнэжээ.
Тус аймгийн онцгой комиссын хурлын үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр, түймрийн голомтод хоол хүнс, аврагчдыг нисдэг тэргээр буулгасан, ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаар ахлуулсан баг ажиллаж байгааг дуулгалаа. Мөн ойролцоо аймгууд болох Сүхбаатар, Дорнод аймгийн аврах бүлгийн 24 албан хаагч, ҮАБ-аас нэмэгдэл хүч ирж байгаа аж.
Хурлаар хүч нэмэгдүүлэн түймэртэй тэмцэж байгаа тул өнөө шөнийн цагийн байдлыг харах, маргааш түймэрт нэрвэгдсэн Батширээт, Биндэр сум, мөн Дадал, Баян-Адарга, Өмнөдэлгэр сумтай онлайнаар хуралдаж, хүн хүч нэмэгдүүлэх талаар зөвшилцөв. Түүнчлэн түймэрт зарцуулагдсан бүлгийн холбооны станцын таван сая, Батширээт сумын хүнс, шатахууны зардал таван сая төгрөг, шаардагдах жоотуу, хүрз, цахилгаан хөрөө, майхан яаралтай шийдвэрлэхээр болов.