Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Үнэнбат өнөөдөр Цус сэлбэлт үндэсний төвд зохион байгуулсан “Цусаа бэлэглэе” өдөрлөгт оролцлоо. Төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны 17-60 насны 30 гаруй иргэдийг хамруулсан юм. Цаашид тэмдэглэлт баярын өдрүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, хороо, дүүргийнхээ иргэд оршин суугчид руу чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн гэнэ.
НИТХ-ын Төлөөлөгч Ш.Үнэнбат өдөрлөгийн үеэр “Монголчууд бид маш олон баяр тэмдэглэдэг болсон. Маргааш Ялалтын баярын өдөр. Дэлхийн хоёрдугаар дайнд 110 мянган хүн оролцож, 50 мянга гаруй хүний амь үрэгдсэн гашуун түүхтэй учраас “Цусаа бэлэглэе” аяныг энэ өдөр зохион байгуулж, эрдэнэт хүний амийг аврах сайн үйлсийн ажил эхлүүллээ. Энэхүү аяныг Ялалтын баярыг тохиолдуулан цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байгаа учраас иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв.
Цус сэлбэлт, үндэсний төвийн нийгмийн ажилтан Ж.Энхбат “НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар “Цусаа бэлэглэе” өдөрлөг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байна. Сайн дурын, авлагүй донорын эгнээнд нэгдэж байгаа иргэдэд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Манай төвд цусны нөөц хангалттай байгаа боловч сорьц цуглуулалтыг байнга хийх шаардлагатай байдаг” хэмээн ярилаа.
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны хүндэт донор Д. Миеэжав “2004 оноос эхлэн цусаа өгч хүндэт донор болсон. Донор болно гэдэг олон хүний амь насыг авардаг маш хариуцлагатай зүйл учраас хувь хүний зохион байгуулалт маш чухал. 300 грамм цусаар 3-4 хүний амь авардаг. Тиймээс монголчууд бид энэ олон баяр ёслолыг архидаж өнгөрүүлэхээсээ илүү нийгэмд хэрэгтэй ажлуудыг санаачлан зохион байгуулж байхыг хувьдаа их дэмждэг” гэлээ.