УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2019.05.08) хуралдаж, УИХ-ын Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, УИХ-д танилцуулахаар боллоо. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд түүний оронд УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилохоор хэлэлцэв.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа төрийн захиргааны жинхэн албан хаагчдыг өөрөөр нь өргөдөл өгүүлдэг хэвшил тогтсон байна гэдгийг тэмдэглээд, энэ нь тухайн албан хаагчийг хуулийн дагуу халж чадахгүйгээс үүдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Тэрээр мөн Ц.Цолмонгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн үндэслэлийг нь тодрууллаа.
Үндэслэлийг нь УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарласнаар, Ц.Цолмон нь УИХ-ын даргын тавьсан олон удаагийн саналын дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын даргаар ахлуулсан Стратеги төлөвлөгөөг гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргах байсан ч ажлаа хийгээгүй. Мөн УИХ-ын Тамгын газрын техникийн саатлаас болж чуулганы үйл ажиллагаа гацсан. Нийгэмд буруутай мэдээлэл тарааж, гишүүдийн нэр хүндэд халдсан мэдээлэл хийсэн учраас УИХ-ын дарга шаардлага тавьжээ. Түүнээс гадна малчдын бэлчээрийн хураамж, татвартай холбоотой хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа гэх мэт олон шаардлагуудыг хангахгүй, ажлын санал бас тавьсан учраас өргөдлөө өгсөн аж.
Иймд УИХ-ын нэр хүндийг өөрчлөх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах ажлын шаардлага байгаа учраас Тамгын газрын чиглэлээр ажилласан илүү туршлагатай Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж байгаа гэж тайлбарлалаа.
Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ц.Цолмонг чөлөөлөхийг, түүний оронд Л.Өлзийсайханыг томилохыг дэмжлээ.