Зохиолч, сэтгүүлч Б.Галаарид парапсихологийн чиглэлээр олон нийтлэл бичиж, хэд хэдэн ном гаргасан судлаач хүн. Бид түүнтэй парапсихологи гэж юу болох, хүний увдис чадвар, зөн билгийн талаар ярилцлаа.
– 1990-ээд оноос хойш далд ертөнц, танин мэдэхүйн маш олон сонин, хэвлэл гарсан байдаг. Тухайлбал, Л.Түдэв гуайн эрхлэн гаргаж байсан “Дал” сонины 1996 оны 10 дугаар сард гарсан дугаар миний гарт байна. Энэ сонины редакци 1997 онд Монгол Улсад юу болох талаар зөгнөж хэлэх уралдаан зөн билэгтэй хүмүүсийн дунд зарлаж байж. Зөн билэг, гоц авъяастай хүмүүс тэр үед олон байсан уу. Эсвэл монголчуудын юунд ч итгэхэд бэлэн байсан шилжилтийн нийгмийн цаг үетэй холбоотой юу?- 1990 оны ардчилсан хувьсгал иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх эрхийг нь сэргээж өгснөөр урьд өмнө нь хаалттай, үзэл суртлын цагдан хяналтад байсан олон сэдэв чөлөөтэй болсны нэг нь хүний гоц чадвар, далд ертөнцийн тухай сэдэв байсан. Энэ сэдвээр дагнасан олон ч сонин сэтгүүл гарч эхэлсэн. Л.Түдэв гуайн “Дал” сонин бол илүү өргөн хүрээтэй, олон талт сэдэв хамардаг танин мэдэхүйн хэвлэл. Гэхдээ “Дал” сонины нэг гол сэдэв бол яалтгүй парапсихологи. Энэ сэдвээр даацтайхан нийтлэл, мэдээллүүд нэлээд гаргадаг.
Монголын үзмэрч төлгөчдийн чансааг 1993 онд нэг сүрхий шалгачихсан, тэгэхэд манай “ид шидтэнүүд” маш ичгүүртэй байдалд орсон
Зөн билэгтнүүд 1990-ээд оны үед олон байсан уу гэдэг асуултын хувьд тийм ч олон байгаагүй, одоо ч цөөхөн байгаа гэж хэлмээр байна. Угаасаа олон байх үндэсгүй юм. Харин өөрийгөө гоц чадвартан мэтээр сурталчилдаг, түүнийгээ амьдрах арга хэрэгслээ болгосон “хуурамч шидтэнгүүд” бол бараг гудамж болгонд байх шиг байна. Ер нь Монголын үзмэрч төлгөчдийн чансааг 1993 онд нэг сүрхий шалгачихсан, тэгэхэд манай “ид шидтэнүүд” маш ичгүүртэй байдалд орсон гэж боддог. 1993 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар-Өлгийн чиглэлийн “АН-26” нисэх онгоц Завханы Марз ууланд сүйрч олон сайхан амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. Улс орны эдийн засаг хүнд, цас зудтай үе байсан. Эрэл мухардаад олон хоног болоод ирэхээр үзмэрч мэргэчид идэвхжээд мөн ч хачин хачин төлөг буулгасан даа. Зав гаргаад ухвал тэр үеийн сонин хэвлэлд хэн юу гэж “айлдсан” нь бичээстэй байж л байгаа. Хилийн гадна барьцаалагдсан байна, харь гарагийнхан аваад явчихаж гэж хүртэл цуурсан. Манай зөн билэгчдийн түвшин маш доогуур байгаа нь тэгэхэд тод харагдсан. Мөн нийгмийн шилжилттэй холбоотойгоор сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс их олноороо хийрхэж, эрүүл бус юм ихээр ярьдаг байсан нь мэрэгч төлгөчдийн нэр хүндэд сүрхий муугаар нөлөөлсөн байх. – Та парапсихологи, гоц үзэгдэл зэргийг судалж, тайлбарласан цөөнгүй ном гаргасан. Яагаад энэ талаар судлах болов?-Парапсихологийг хуурамч ухаан гэж нэрлээд адлах явдал шинжлэх ухааны хүрээнд түгээмэл тохиолддог. Үнэмшихэд бэрх, нотлоход хэцүү зүйлийг судалдаг болохоор арга ч үгүй биз. Шинжлэх ухаан бол туршилт нотолгоонд суурилж дүгнэлт хийдэг, тухайн юмс үзэгдэл олон удаагийн давтан туршилтаар ижил үр дүн үзүүлж байгаа тохиолдолд үнэн гэж хүлээн зөвшөөрдөг. Парапсихологийн ойлголтуудыг ийм аргаар нотлоход хэцүү. Гэвч бүх улс үндэстэнд эрт дээрээс байсаар ирсэн, үгүйсгэх аргагүй, бас нотлох аргагүй зүйл бол чинад ертөнц, хүний увдис чадвартай холбоотой шидлэг чанартай зүйлс шүү дээ.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад парапсихологи судлал асар их хөгжсөн. Манайд болохоор үзэл сурталтай холбоотойгоор олон арван жил энэ сэдвээр ярьж бичиж болдоггүй байсан. Үүнийг хэн нэг нь ярьж хэлэх л ёстой байсан. Социализмын үед энэ сэдвээр дагнасан судалгааны ажил бичсэн ганц хүн нь философийн шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэв гуай байх. Д.Дашпүрэв гуай 1970 онд МУИС-ийг төгсөхдөө парапсихологийн философийн сэдвээр дипломын ажил бичсэн юм билээ. Хүний тархины ер бусын чадварын талаар тухайн үедээ танин мэдэхүйн өгүүлэл хоёр гурвыг сонин сэтгүүлд гаргаж ч байж. Дараагийн дурдах ёстой хүн бол эдийн засагч Д.Төмөртогоо гуай. Гоц мэдрэхүй, ид шидийн сэдвээр хэд хэдэн ном, олон арван өгүүлэл бичиж, орчуулж, нэлээд олон ном редакторласан мундаг хүн байсан.
Хүний хоббийг салбарын нэр хүндтэй холбож харлуулах санаархал оролдлого нэлээд гарсан
Миний хувьд танин мэдэхүйн саваагүй шохоорхол минь яван явсаар судлах, бичихэд хүргэсэн. Америк, Орос, Англи, Герман, Франц зэрэг хүчирхэг орнуудад парапсихологи судлал төрийн бодлогын түвшинд хөгжчихсөн атал манайхан болохоор мухар сүсэгтэй хольж ойлгох хэмжээнд байсаар байгаад харамссандаа ганц нэг ном гаргаж, түүнээсээ болж элдэв долоон цол чимэг зүүсэн. Нэг хэсэг сүрхий идэвхтэй бичсэн. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч болсноос хойш энэ сэдвээс жаахан хөндий байхыг хичээдэг болсон. Яагаад гэвэл хувь хүний хоббийг салбарын нэр хүндтэй холбож харлуулах санаархал оролдлого нэлээд гарсан. Ганцхан жишээ хэлэхэд 2013 онд биз дээ, миний эсрэг төрийн санхүүжилттэй “Сэтгүүлзүйд гэрэл тусгая” аян өрнөж “Антеннатай Галаарид Монголын сэтгүүлзүйг удирдаж байна”, “Монголын сэтгүүлзүй мухар сүсэгт автлаа” гэсэн төлбөрт нийтлэлүүд төвийн хэвлэлээр гарч хэсэгтээ л хөөрхөн шоглоод авсныг санах нэг нь санаж байгаа байх. – А.Эйнштейн, З.Фрейд, А.Менделеев гээд агуу эрдэмтэд бүгд парапсихологийг сонирхон судалж байсан. Үгүйсгэж болдоггүй, баталж ч болдоггүй судлагдахууны хувьд ихээхэн барьцгүй зүйл биш үү? Энэ салбарт сүүлийн жилүүдэд ямар ахиц гарч байна вэ?- Үнэн л дээ. Хамаг агуу томууд энэ сэдвийг сонирхож судалсан байдаг. Физикч голдуу том том эрдэмтэд сүүлийн үед явсаар байгаад хоосон чанарыг сонирхон судлаад эхэлдэг нь бараг зүй тогтол гэж хэлэхээр болчихоод байна. Тэд мухар сүсэгт автсан харанхуй бүдүүлэгтээ, эсвэл хийх ажилгүйдээ парапсихологийг сонирхдоггүй байх. Фройд шиг том сэтгэл судлаач парапсихологийн дэргэдүүр анзааралгүй өнгөрөх аргагүй.
Парапсихологи бол үндсэндээ хүний тархи, оюун ухаан, сэтгэлийн гайхамшигт хүч чадварыг судалдаг ухаан.
Парапсихологийн хувьд сүүлийн үед гарч буй нааштай үзэгдлүүд гэвэл эн тэргүүнд нейросайенсын чиглэлээр олж буй шинжлэх ухааны ололтуудыг нэрлэмээр байна. Парапсихологи бол үндсэндээ хүний тархи, оюун ухаан, сэтгэлийн гайхамшигт хүч чадварыг судалдаг ухаан. Шинжлэх ухааны ололт хүний далд чинадын гайхамшигт чадварыг ямх ямхаар баталсаар байгаа нь өөрөө ололт. Парапсихологи бол хүлээн зөвшөөрөх ёстой мэдлэгийн тодорхой систем гэдгийг хүний тархи оюун, сэтгэлзүй, сэтгэц судлалын ололтууд бага багаар нотлож байгаа нь чухал ач холбогдолтой юм. – Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч дэргэдээ үзмэрчтэй байсан. Аливааг зөгнөж хэлдэг хүмүүст нийгмийн үүрэг гэж байдаг уу?- П.Очирбат Ерөнхийлөгчийн хувьд дэргэдээ албан ёсны үзмэрчтэй байсан. Монгол Төрийн тэргүүн дэргэдээ үзмэрчтэй байсан нь зарим хүмүүсийн үздэг шиг тохуурхаж шоолох асуудал биш. Зөн билэгчдийг Төрийн хэрэгт ашиглах явдал улс орнуудад байсаар ирсэн, байж л байгаа асуудал. Гэхдээ том орнуудын тухайд байгалийн өгөгдөлтэй хэн нэгэн шидтэнд бүхнийг даатгах биш, тусгайлан бэлтгэгдсэн парапсихологийн мэргэжлийн хүчирхэг багт асуудлыг хариуцуулах талруугаа яваад байх шиг байна.
Төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад парапсихологчдыг ашиглах нь энгийн үзэгдэл
Ялангуяа төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад парапсихологчдыг ашиглах нь энгийн үзэгдэл. Гэхдээ тэд манайхны ойлгодог шиг үзмэрч төлгөчийн үүрэг гүйцэтгэдэггүй. Далай лам дэргэдийн чойжингоо буулгаж ойр хийгээд хэтэд болох үйл явдлыг асуух бол гоц чадварыг ашиглах уламжлалт хэлбэр. Өндөр хөгжилтэй улс орнууд үүнийг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, бусдын бодол санааг унших, шийдвэрт нь нөлөөлөх түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэж чаддаг, зарим үйлдлийг техник технологийн тусламжтайгаар гүйцэтгэдэг болчихсонд л хамаг учир байгаа юм. Тийм болохоор л өнөөдрийн өндөр түвшний хамгаалалтын албад мэргэн бууддаг, сайн зодолддог хүнээс гадна дээд зэргийн сэтгэлзүйч, гоц чадвартнуудад онцгой ач холбогдол өгдөг болчихоод байна. – Гоц авъяастнуудыг тухайн улс нь ашигласан тухай баримтууд байдаг. Тухайлбал, таны нэг нийтлэлээс АНУ-д очсон зураач Н.Рерих ховсдох чадвараа ашиглан Рузвельтийн үеийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Генри Уоллесийг утсан хүүхэлдэй болгосон тухай уншсан. Ийм зүйл үнэхээр болсон хэрэг үү?- Би судлаачийн ёсзүйг чанд баримтлахыг хичээдэг учраас баримтгүй, таамаг төдий зүйлийг нийтлэлдээ үнэн мэтээр бичиж яагаад ч чаддаггүй. Эх сурвалжгүй, худлаа зүйлийг нийтэд түгээж болохгүй. Уоллес АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд, Дэд ерөнхийлөгч, Худалдааны сайд байсан масонч хүн. Рерихийг оюун санааны багшаа гэж үзэн тал бүрээр дэмжиж байсан. “Багш”-даа бичсэн захидлынх нь хэсэг 1947 онд олон нийтэд ил болж, түүнийг 1948 онд АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь саад болж, улс төрийн замнал нь эцэс болсон түүхтэй. 1933 онд Америкийн баруун хэсэгт маш их ган болоход Азийн ус чийг багатай хуурай газрын ургамал судлах үүрэгтэй экспедици илгээсэн. Тэр багт Рерихийг оруулах, улмаар ахлуулах ажлыг Уоллес зохион байгуулж байв. Рерих Японоор дамжин Манжуур, Хайлаарт ирж өвс ургамлаа ч судлаж, хажуугаар нь Шамбалын улс байгуулах мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд улс төрийн ажлууд ч нэлээд өрнүүлсэн байдаг. Ер нь тэр хоёрын харилцааны асуудлаар Баруунд бол олон хүн эртнээс бичсэн юм билээ. Оросын тухайд хамгийн тодорхой бүтээл гэвэл Олег Шишкин сэтгүүлчийн мөрдлөг судалгаа хийн 1999 онд хэвлүүлсэн “Битва за Гималая” ном болж таарна. – Үнэхээр итгэхийн аргагүй, тайлбарлахын аргагүй зүйлс байдаг. Танин мэдэхийг хүсэх тусам улам гүнзгийрэх энэ зүйлсийг хүн ер нь хэрхэн хүлээн авах ёстой вэ?-Мэдэхгүй зүйлээ үгүйсгэх, эсвэл дүгнэлт хийх нь хамгийн буруу. Бидний алдаа бол ямар нэгэн зүйлийг ийм л байх ёстой гэсэн хүрээнд оруулчихаад тэр хүрээ хязгаараас хальсан бүхнийг үгүйсгэж буруутгаж эхэлдэгт оршдог. Парапсихологийн ололтуудыг өнөө хүртэл үгүйсгэж байгаагийн цаана тухайн мэдлэгийг олж авсан улс орон дангаар эзэмших, бусдад алдахгүй байх хүсэл сонирхол тодорхой харагддаг. Хүмүүс мэдэхгүй зүйлээ үгүйсгэдэг нь ийм тоглолт хийх сайхан хөрс болж өгдөг.
Өрсөлдөгчид маань үргэлж сайжирч хөгжиж байгаа учраас бид ч бас хичээх ёстой хэмээн оросууд ил тод мэдэгддэг.
1990-ээд оны эхний хагаст болсон Орос-чеченийн дайнд оросууд парапсихологийн арга техник ашигласан тухай тэр ажлыг удирдаж байсан дэслэгч-генерал Алексей Савин дөнгөж хоёр жилийн өмнө л сэтгүүлчид ам нээсэн. Олон хоногоор байлдааны чадвараа алдалгүйгээр нойр хоолгүй явах, сейфэнд байгаа баримт бичгийг гаднаас нь унших, тэр нь мэдэхгүй хэл дээр байсан ч утгыг ойлгох техникийг тусгайгийнхан тэр үеэс эзэмшсэн тухай генералын ярианд итгэхгүй хүн олон гарна. Танкны түлшинд алсын зайнаас нөлөөлөн өтгөрүүлснээр тухайн техникийг ажиллагаагүй болгож чаддаг Деевын генераторын тухай ярианд бүр ч итгэхгүй. Гэвч Октябрын хувьсгалаас хойш парапсихологийн нууц туршилтуудыг тасралтгүй хийж, асар их мэдлэг хуримтлуулсан оросууд энэ чиглэлийн өрсөлдөгчид маань үргэлж сайжирч хөгжиж байгаа учраас бид ч бас хичээх ёстой хэмээн ил тод мэдэгддэг. 1982 онд Юрий Андроповын тушаалаар анх байгуулсан Психотронын төв парапсихологийн чиглэлд хэр хол алхсаныг бид хэлж чадахгүй. Гэхдээ асар ихээр хөгжүүлсэн гэдгийг таамаглаж болно. Ганцхан орны тухай яриахад л ийм байна. Дэлхий даяар гэвэл дуусашгүй яриа өрнөх болно.- Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд аливаад үл итгэх хандлага маш их болж. Үүнийг юу гэж бодож байна вэ. Эрдэмгүй хуурамч бөө, лам нар олширсонтой холбоотой юу. Эсвэл энэ зуун өөрөө технологийн зуун учраас шинжлэх ухаанаар тайлбарлагдахгүй зүйлээс нүүрээ буруулахыг шаардаад байна уу?
Нийгэм бүхлээрээ атеист байх боломжгүй.
– Олон хүчин зүйл нөлөөлж байна. Монголчуудын тухайд аливаа зүйлд үл итгэх хандлага давамгайлж байгаа гэдэгтэй би санал нийлэхгүй. Парапсихологт ятгалга итгүүлэгт автах босго гэж ойлголт байдаг. Тэр нь л хэтэрхий намхан болчихсон ард түмэн учраас танд тэгж санагдаж байгаа юм. Ямар ч тэнэг зүйлд үнэмшиж мэдэх, тэгснээ түүнийгээ өөр нэг шал худал зүйлээр солиход хэзээд бэлэн сэтгэлзүйтэй болчихсон гэсэн үг. Тийм болохоор л энд нэг шидтэн төрлөө гэнгүүт түүнрүү хуйлраад, тэндээс нэг лут хүн ирлээ гэхээр байдагаа барж гүйгээд байгаа юм. Энэ бол олон нийт итгэлзүйн суурь мэдлэггүй, мэдээлэлгүй, эрүүл саруулаар эргэцүүлэн бодох чадамжгүй байгаагийн илрэл. Мухар сүсэг хэт ноёлж буйн илрэл. Манайх шиг цөөн хүн амтай, эмзэг үндэстний хувьд оюун санааны уламжлалт үнэт зүйлсээ ингэж гээх нь туйлын муу үр дагавартай. Шинжлэх ухаанч хандлага нийгмийн тодорхой хэсэг бүлэгт байгаа л байх. Гэхдээ нийгэм бүхлээрээ атеист байх боломжгүй. – Хувь заяаны дохио болон сэрэмжлүүлгийг эртнээс таамаглаж, сөрөх боломжтой юу?- Хүн бол байгалийн амьтан. Байгалийн амьтад төрөлхийн зөн мэдрэмж сайтай байдаг. Хамгийн хурц тод мэдрэмж нь аюулыг сэрж мэдрэхүй. Жишээ нь, чоно буугүй хүнийг тоодоггүй гэж анчид ярьдаг даа. Тоохгүй биш, түүнээс аюул занал мэдрэгдэхгүй байгаа хэрэг л дээ. Хүн бас ийм зөн мэдрэмжтэй төрдөг ч тэр нь өсч томрох тусам мохож бүдгэрдэг. Жишээ нь, нялх хүүхэд таагүй хүнийг анддахгүй айж хөлсдөг нь үүний илэрхийлэл. Даяанч лам нар эзгүй ууланд очиж бясалгал хийдэг байсан нь энэ төрөлх мэдрэмжээ сэрээж, зөн билгээ хурцлах арга технологи юм. Гэхдээ хэн хүссэн хүн хүссэн газартаа очоод суугаад байдаггүй байсан гэдгийг ойлгоорой. Та бид хоёрын ярилцлагыг уншингуутаа зөн билгээ сэрээнэ гээд гараад давхичихаж мэдэх нөхдөд үүнийг анхааруулж байна. Энэ чинь тодорхой үе шаттай, арга технологитой эд. Эс тэгвээс сэтгэцийн өөрчлөлттэй болж ч мэднэ шүү. Ер нь бол амьдралын онцгой мөчүүдэд, ялангуяа аюул ойрхон үед зүүд зөнгөөр, бусад хэлбэрээр хүнд тэмдэг дохио ирэх нь байдаг. Түүнийг анзаарч, авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Гэхдээ бас дахиад л тодорхой хил хязгаартай, ялгаа заагтай, эрүүл ухаанаар хандах асуудал. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгээр бидний өвөг дээдэс хүн хувь заяагаа өөрөө л залж чадна гэдгийг хэлээд үлдээчихсэн байдаг даа. – Монголчууд бид уул усаа тахиж, лус савдгаас эмээж явдаг ард түмэн. Биднээс өөр байгалийг эзэнжүүлж хардаг, хайрладаг ард түмэн бий юү?- Байлгүй яахав. Бүх л үндэстэн эртхэндээ уул ус шүтэж, тэдгээрийн эздийг аргадаж, байгалийн далд хүчнээс эмээж явсан. Дараа нь шашны сургаал номлолууд үүсч, хүмүүсийг өөртөө татаж, шүтлэгийн бусад хэлбэрийг шахсанаар тодорхой ард түмэн, улс оронд тодорхой шашин дагнах, эсвэл давамгайлах болсон. Шашин судлалд тотемизм, анимизм гэсэн ойлголтууд байдаг. Эдгээрийн хүрээнд тодорхой амьтан ургамлыг дээд шүтээнээ болгох, хүрээлэн буй байгаль дэлхийг амьдчилан шүтэх үзэгдлийг судалдаг. Шашны эртний хэлбэрүүд, анхдагч хэлбэрүүд, “бүдүүлэг” шүтлэг гэхчлэн янз бүрээр нэрлэж тодорхойлдог. Бөө мөргөл буюу шаманизмыг ч түүнд багтаан судалдаг. Сэтгэц нь тогтворгүй, бүр сэтгэцийн өвчтэй хүн л бөө болдог гэж түрүү үедээ судлаачид үздэг байсан. Одоо бол хандлага нь өөрчлөгдсөн. Бөө нарын дунд сэтгэцийн өвчтэй хүмүүс байж болох ч тэдний ихэнх нь эрүүл саруул, оюун санааны чадавхийн хувьд бусдаас илүү хүмүүс байдаг гэж судалгаагаар тогтоож, шашин судлалын сурах бичгүүдэд ч тэгж бичдэг болоод нэлээд удаж байна. Ерөнхийдөө уул усыг амьдчилж дээдлэх үзэгдлийг primitive шүтлэг гэж үздэг. – Зөн билгийн онцгой чадварыг зохиомлоор бий болгож болох уу? – Хүн болгон эхийн хэвлийгээс зөн билгийн онцгой чадвартай төрдөг. Гагцхүү орчинтойгоо харьцах тусам энэ чадвар нь унтаа байдалд шилждэг. Зөн билэгтнүүд бол анхнаасаа тэгж унтаа байдалд шилжээгүй, эсвэл тодорхой нөхцөл шалтгааны улмаас тэр чадвар нь эргэж сэрсэн хүмүүс. Тийм хүмүүсийн тоо харьцангуй цөөн байдаг зүй тогтолтой болохоор гоц чадвартнууд цөөхөн байдаг.
Зохиомлоор бий болгосон онцгой хүч хамгийн аюултай.
Гэхдээ зөн билгийг сэрээх арга технологийг шашнууд эртнээс сонирхож, тодорхой амжилтад хүрсэн. Жишээ нь, буддын шашин бясалгалын аргаар дээд оюун ухаанд хүрэх асуудлыг түлхүү хөгжүүлж чадсан. Сүүлийн зуугаад жилд зөн билэгтний хийж чаддаг зүйлсийг технологийн тусламжтайгаар хийх оролдлого тасралтгүй хийгдэж, тодорхой үр дүнд хүрч байна. Гэхдээ үүний цаана ёсзүйн асар том асуудал бий. Хувь хүнийг эхлээд ёсзүйн хувьд энэ хүчийг зөв ашиглах хүмүүжилтэй болгож байж нууц ухааныг заадаг уламжлалтай. Харин шинжлэх ухааны аргаар, туршилт сорилын явцад бий болгосон мэдлэг, хүчийг төр, хэсэг бүлэг этгээд, хувь хүн юунд ч яаж ч ашиглаж мэдэх учраас аюултай. Тиймээс зохиомлоор бий болгосон онцгой хүч хамгийн аюултай. – Монгол бол олон шашинт орон. Цөөхөн хүн амтай улс оронд олон шашин хэрэг байна уу? – Монгол улс иргэдийнхээ шүтэх бишрэх эрх, төр шашны харилцааг Үндсэн хуулиараа зохицуулчихсан. Иргэдийн шүтэх бишрэх эрх чөлөө халдашгүй. Төр нь шашныг хүндэлж, шашин нь төрөө дээдлэх зарчмыг суурь хуулиараа баталгаажуулсан. Энэ бол маш сайн зохицуулалт. Олон шашинт орон байлаа гээд муу юм байхгүй. Олон шашин харилцан бие биенээ хүндэтгэдэг соёл бий болгох нь хамгийн чухал. Төр нь шашнаа алагчилдаггүй, иргэд нь юу шүтэхээ мэдлэг мэдээлэлтэйгээр сонгодог байх нь чухал.
25 мянган бөө байна гэж Баабар бичсэн нь шал худлаа тоо.
Нэг зүйлийг хэлье. Монголыг буддын шашинт улс гэдэг. Хэрэг дээрээ христийн шашин давамгайлсан улс болсныг сүүлийн судалгаа харуулаад байгаа. Бөө нар дэндлээ гээд байгаа нь хэтрүүлэг. 25 мянган бөө байна гэж Баабар бичсэн нь шал худлаа тоо. Дээр нь бөөгийн нэр барьсан элдэв янзын ТББ-ууд төрийн анхааралд өртчих санаатай том том тоо хэлдэг. Үнэндээ бол зонхилох хоёр шашин нь Буддын болон христийн шашин. Сүм хийдийн тоо ч үүнийг тод илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ бодит байдлаасаа ургуулж төр шашны ирээдүйн бодлого, чиг хандлагаа тодорхойлмоор байна. Мухар сүсэг, шашны фанатизм хоёр л гол гамшиг гэдгийг ойлгож, олон шашин харилцан хүндэтгэлтэйгээр зэрэгцэн орших соёлыг төлөвшүүлмээр байна. Бас нэг чухал зүйл гэвэл шашин олон түмний сэтгэл оюунд сайн сайхны гэгээ түгээх үндсэн ажлаа хийж, арилжааны ажлаа багасгамаар байгаа юм. -Далд ухаан судлаачийн хувьд Таны хамгийн айдаг зүйл юу вэ? Бусдад хамгийн түрүүнд хэлж зөвлөх зүйл юу вэ? -Мухар сүсэг. Өөрийнхийг дээрд үзэх, бусдыг үгүйсгэх үзэл. Мухар сүсэгт автсан хүн хамгийн түрүүнд зальтай, хуурамч “шидтэн”-үүдийн золиос болдог. Өөрийн шашныг хамгийн ариун дээд гээд ялгаж цоллоод, бусдын итгэл бишрэлийг үгүйсгээд ирэхээр л үзэн ядалт, шашин хоорондын толхилцоон гарч ирдэг. Тэгэхээр өнөөгийн олон шашинт Монголд монгол түмэн, улс орны язгуур эрх ашиг нэгд эрэмбэлэгдэж, шашны болоод бусад итгэл үнэмшил хойно тавигддаг байхгүй бол оюун санааны дампуурал уналтаас гарч чадахгүй. Тийм болохоор мухар сүсэгт бүү хөтлүүлээрэй гэж хэлье дээ. – Цаг зав гаргаж ярилцлага өгсөн Танд баярлалаа.