УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо. Та уг ажлын хэсэгт бий. Энэхүү хуулийг яагаад өргөн барихаар болов?
-Энэхүү хууль 2014 онд өргөн баригдсан. Тухайн үед би Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга байхдаа Засгийн газрын өргөн барьсан энэхүү хуулийн ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүний хувиар ажлын хэсэгт нь ороод явж байна. Казиногийн хуулийг өргөн барихыг миний хувьд дэмждэг. Учир нь аялал жуулчлалыг дэмжих, эдийн засгийн хөгжилд тодорхой хэмжээгээр орлого нэмэгдүүлэхэд маш хэрэгтэй зүйл гэж хардаг. Уг хуулийн төслийг үе үеийн УИХ ард түмний хэл амнаас болгоомжилж хойш нь тавих хандлагатай байдаг. Тэгэхээр ажлын хэсгийг дахин шинээр зохион байгуулсан. Ажлын хэсэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахлаад, УИХ-ын долоон гишүүн орж ажиллаж байна. Энэ хуулийг маш хурдан хугацаанд хэлэлцэж, батлах ёстой гэж үзэж байгаа.
-Энэ хуульд казиног хаана байгуулахаар тусгаж байгаа вэ. Яг ямар тодорхой зохицуулалтууд орсон бол?
-Казиногийн барилга байгууламж гэхээр хүмүүс асар том зүйл гэж ойлгоод байдаг. Тийм биш.
Европт бол томоохон барилга байгууламжийн нэг давхарт л казино байрлаж байх жишээтэй. Манайхаар бол “Улаанбаатар” зочид буудлын нэг давхарт багтахаар л хэмжээтэй газар казиногийн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа гэсэн үг.
Казино гэхээр л Макао, Лас Вегас шиг төсөөлж, бодоод байх хэрэггүй. Тийм айхавтар том барилга байгууламж шаардахгүй. Хамгийн гол нь казино бий болсноороо тухайн орчинд аялал жуулчлалын болон худалдаа үйлчилгээний газрууд давхар хөгжөөд явдаг. Худалдаа үйлчилгээний газрууд нь илүү сайн түвшинд, үйлчилгээ сайтай байхад болно.
Энэ хуулиар казиногийн байршлуудыг тодорхой зааж өгөхгүй. Ерөнхийдөө энэ хуулийн ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Улаанбаатар хотод болон Алтанбулаг, Замын-Үүдэд казино байгуулах тухай ярьж байгаа. Үүнд тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлийг олгоно. Зөвшөөрлийн хураамж нь өндөр тогтоогдохоор яригдаж байна.
-Казино байгуулснаар биеэ үнэлэлт, хар тамхины хэрэглээ өсөх сөрөг талтай гэдэг. Казино байсан байгаагүй ил, далд эдгээр сөрөг үйлдлүүд нэмэгдсээр байна. Гэхдээ ажлын хэсгийн зүгээс энэ асуудлуудыг хөндөж ярьсан нь мэдээж байх. Үүнтэй холбоотойгоор зохицуулалтууд тусгасан уу?
-Казиног дагаад сөрөг үр дагаврууд гарна гэх болгоомжлол байдаг. Мэдээж болгоомжлол байх нь зүйтэй. Европчууд казино тоглох соёлд суралцчихсан байдаг. Стресс тайлах зорилгоор хэсэг тоглож байгаад л гарчихдаг. Харин монголчууд маань бүх хөрөнгөө дэнчин тавьж амьдралаа сүйтгэх хэмжээнд хүрэх вий гэх болгоомжлол, эрсдэл бий. Мөн казиног дагаад биеэ үнэлэлт нэмэгдэнэ гэх айдас байдаг. Гэхдээ энэ буруу хандлагуудыг цахим ертөнцийн тусламжтайгаар ард түмний хараа хяналтан дор байлгах боломжтой. Тиймээс айх аюулгүй байж болно.
-Таны хувьд Казиногийн тухай хуульд ямар зарчим баримталж, үзэл бодлоо тусгаж байгаа вэ?
-Миний хувьд монголчуудыг казинод тоглуулахгүй байх зарчим баримталж байна. Казиногийн хор хөнөөл, сөрөг үр дагавар бодитоор нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа учраас монголчуудыг тоглохыг хориглосон концепци байх ёстой. Яг ийм зохицуулалт орсон тохиолдолд би энэ хуулийг дэмжээд явна. Монголчуудыг тоглуулахыг зөвшөөрсөн тохиолдолд би энэ хуулийг төслийн ажлын хэсэгт байхаас татгалзана, өргөн барилаа ч эсрэг кноп дарна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд казино чухал нь мэдээж. Дээрээс нь хөрш орнуудын хувьд казиногийн үйл ажиллагааг зарим талаар хязгаарлаж байгаа юм билээ. Энэ тохиолдолд зөвхөн гадаадынхныг тоглуулж орлогыг бий болгох нь зөв гэж харж байна.
-Манайхан гадагшаа явж казино тоглодог нь нууц биш шүү дээ. Монголд казино байлаа ч хүссэн хүн бүр тоглох боломжгүй нь ойлгомжтой. Тийм байхад заавал хязгаарлах шаардлага байна уу?
-Ажлын хэсгийн зарим гишүүд монголчуудыг тоглуулахдаа тодорхой хураамжтай байя гэх саналыг хэлж байгаа. Нэг жилийн хураамж нь доод тал нь 20 сая төгрөг байя, хураамжаа төлсөн монгол хүн тоглох боломжтой байхаар зохицуулалт оруулъя гэж ярьж байгаа. Миний хувьд бол монголчуудыг тоглуулахгүй байх нь зүйтэй л гэж бодож байна.
-Ардчилсан намын зөвлөл Ерөнхий сайдыг Хэнтийд очиж сонгуулийн сурталчилгаа хийн, хууль зөрчиж байна гэж байна. Энэ тухай тодруулаач?
-Өнгөрсөн 2016 онд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийнхон Д.Гантулга гэдэг хүнийг сонгоогүй юм. МАН-ыг эх орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхны төлөө илүү ихийг хийнэ гэж итгэн дэмжиж, сонголт хийсэн. Гэсэн ч сүүлийн гурван жилд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Жишээ нь, Хэнтий аймгийн Мөрөн суманд сүүлийн гурван жил нэг ширхэг ч ажил хийгдсэнгүй. Мөн Жаргалтхаан сумын Соёлын төвийг л улсын төсвийн хөрөнгө оруулалтын 170 сая төгрөгөөр зассан. Ард түмний төлөө ажиллана гэж гарч ирсэн Засгийн газрын байгаа байдал энэ нөхөн сонгууль дээр гарч ирж байна. МАН үг, үйлдлийн зөрүүтэй гэдэг нь ч үүнээс харагдаж байгаа. 2012-2016 онд АН маш их зүйлийг хийж бүтээсэн. Харамсалтай нь дотооддоо эв нэгдэлгүй гэдэг шалтгаанаар ард түмэн МАН-д саналаа өгсөн юм. Гэтэл МАН гарч ирээд хэрүүл тэмцлээс өөр зүйл хийсэнгүй.
Ховд аймгийн хоёрхон сумыг жишээ болгоод ярья л даа. Зэрэг суманд хоёр тэрбум 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван ч барилга баригдаж, хөрөнгө оруулалт болоод явж байгаа. Мөн Цэцэг суманд таван тэрбум 800 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. ЖДҮ, тендер, концесст амаа хаалгаагүй гишүүд иргэдийнхээ төлөө ингэж ажиллаж болдог юм. Тиймээс зөвхөн нөхөн сонгууль болох сургаар Засгийн газар амлалт өгөөд яваад байж болохгүй. Өнгөрсөн гурван жилд юу хийснээр чинь л зургадугаар сарын 30-нд болох сонгуулийг дүгнэнэ.