МАХН-ын Эмэгтэйчүүдийн холбооноос МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарын төлөөллүүд “Хүчирхийлэлгүй Монголын төлөө” сэдвийн дор Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуулийн асуудлаар хэвлэлийн хурал хийж, нөхөн сонгууль яаралтай явуулж, сонгогчдыг УИХ-д төлөөлөлтэй болгохыг шаардлаа.
Тэд өнгөрсөн оны есдүгээр сард болохоор товлогдсон нөхөн сонгуулийг эрх баригчид хойшлуулж, сонгогчдын эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Мөн “Энэ оны зургадугаар сарын сүүлээр товлогдсон сонгуулийг АН-ынхан дахин Үндсэн хуулийн цэцэд зохиомол өргөдөл гаргуулж, нөхөн Сонгуулийг хойшлуулаад зогсохгүй бүр болгохгүй байх, тэр байтугай эмэгтэй хүн хүчирхийлсэн байж болзошгүй Д.Гантулгын УИХ-ын гишүүнийг сэргээлгэхийг хөөцөлдөж эхэллээ. АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгыг дэмжих сурталчилгаанд нь идэвхтэй оролцдог судлаач хэмээх Д.Ганхуяг ийм увайгүй үйл ажиллагаанд татагдан орсонд харамсаж байна” гэж байлаа.
Түүнчлэн энэ үеэр Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал гамшгийн хэмжээнд хүрснийг дурдаад, “Хүчирхийлэлтэй тэмцэхэд бодлого, хөрөнгө хангалттай бий. Зөвхөн улс төрийн хүсэл зориг, сэтгэл зүрх дутагдаж байна. Энэ хүчирхийлэл явсаар байгаад өнөөдөр улс төрийн хүчирхийлэл болж хувирлаа. Эмэгтэй хүнийг хүчирхийлээд, өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрөөд, чөлөөлөгдсөн хүнийг өнөөдөр хамгаалаад явж байгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх ямар ч хүсэл зориггүй гэдгээ харуулж байна. Тиймээс манай намын эмэгтэйчүүдийн холбоо охид, эмэгтэйчүүдээ хамгаалъя, хөвгүүдээ боловсруулъя гэж уриалж байна” гэлээ.