Өмнөд Солонгосын Засгийн газар Умард Солонгос Зүүн тэнгис рүү ойрын тусгалын нэг пуужин харвалаа гэж бямба гаригт мэдээлэв. Өмнөд Солонгосын Засгийн газар энэ удаагийн зэвсгийн туршилтад санаа зовж байгаагаа илэрхийлээд өнгөрсөн онд хоёр Солонгосын хооронд байгуулсан дайсагналыг бууруулах гэрээг зөрчиж байгааг Умард Солонгост сануулжээ.
Үүний дараа Пёньяны захиргаа албан ёсоор мэдээлэл өгч тус улс хэд хэдэн пуужинг зүүн хойд чиглэлд харвасан бөгөөд туршилтын пуужин 200 км зайд тэнгисийн усанд туссан гэв.
Умард Солонгос тив алгасах баллистик пуужинг 2017 оны арваннэгдүгээр сард анх туршсан бөгөөд үүнээс хойш анх удаа пуужин харваж байгаа нь энэ юм.
Пёньяны захиргаа АНУ болон олон улсын зүгээс Умард Солонгост тавьсан эдийн засгийн хоригийг цуцлуулахын тулд ийм өдөөн хатгалгыг цаашид ч явуулах магадлалтай байна.
Энэ туршилтын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Маш сонирхолтой дэлхий ертөнцөд боломжгүй зүйл гэж байхгүй. Гэхдээ Ким Жон Уныг Умард Солонгосын эдийн засгийн агуу боломж, ирээдүйд итгэж, үүнийг бусниулах зүйл хийхгүй байх. Тэр бас надад өгсөн амлалтаасаа буцахгүй гэдэгт итгэлтэй байна. Гэрээ байгуулах цаг ирнэ!” гэж твиттер хуудсандаа бичжээ.