Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийн давалгаа өрнөж Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль болон тэдгээрийн процессын хуулиудыг шинэчилсэн. Ингэхдээ гүтгэх, доромжлох гэсэн Эрүүгийн хуулийн хоёр ойлголтыг нэгтгэн Зөрчлийн хуульд “6.21” хэмээх заалт болгосон.
Энэ заалтын “гутаан доромжилсон худал мэдээллийг түгээх” гэсэн хэсэг нь дундаа таслалгүй. Ийм учраас тухайн мэдээлэл нь гутааж доромжилсон үг, агуулгаас гадна худал байх ёстойг хуульчид хэлж байна. Гэвч цагдаа, прокурор, шүүгчдийн зарим нь хууль унших техникийг янз бүрээр хэрэглэж байна. Ийм учраас албан тушаалтнууд өөрийг нь шүүмжилж, хариуцлага нэхсэн сэтгүүлчийг үг, цифрийн алдаа, санамсаргүй алдаа болгонд дөрөөлж цагдаад өгч торгуулдаг заалт болж хувирчээ.
Цагдаагийн байгууллага гүтгэлэг шалгадаг цагдаадаа хэвлэл мэдээлэл, түүний төрөл хэлбэр, сэтгүүлчийн ажлын онцлогийн тухай сургалт хийхгүй байна. ЦЕГ уг нь Хэвлэл мэдээллийн албатай. Тэр албанаасаа сургалт авдаггүй юм гэхэд МСНЭ, Хэвлэлийн зөвлөл, эрэн сурвалжлах чиглэлийн сэтгүүлчидтай хамтран ярилцаж, ойлголтой болгож болмоорсон.
Зөрчлийн хуулийн торгууль төрийн дансанд ордог учраас төсөв зузаатгахын тулд мэдээ-сурвалжлага, ярилцлага-тодруулга, нийтлэл-тоймоо ч ялгахгүй зарим нэг цагдаа үзэмжээрээ “гүтгэлэг” хэмээн тогтоож байна.
Зөрчлийн хэрэг шалгаж байгаа цагдааг яллах, цагаатгах талыг тэнцүү цуглуулж, мухарласан эсэхийг хянах үүрэгтэй зарим прокурор ч ажилдаа сэтгэлгүй, хариуцлагагүй хандаж байна. Гүтгэсэн гэх мэдээний долоон өгүүлбэрээс “гутаан доромжилсон” үг хэллэг, агуулгыг зааж өгч чадахгүй шүүгчдийн өмнө улалзан зогсох жишээтэй. Хянахгүй бол хяналтын прокурор байж яах юм. Шалгахгүй юм бол шатлал өндөр цалин авч яах юм.
Сэтгүүлчид гүтгэх үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Иргэний хуулиас хасч өгөөч гэж гуйгаагүй. Хүний нэр төр, алдар хүндийг хуулиар хамгаалах ёстой нь мэдээж. Харин тэрхүү үйлдлийг шалгахдаа ажилдаа хариуцлагатай, сэтгэлтэй, мэдрэмжтэй хандахыг хуульчдаас хүсч байна.
Өнөөгийн парламентад хэвлэлийн эзэд маш олон. Гэвч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилж өгье гэж хэн ч ярихгүй байна. МСНЭ, Глоб, Хэвлэлийн хүрээлэнгээс олон удаа тэдэнд хандсан. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн яам ч, УИХ ч, Ерөнхийлөгч ч хэвлэн нийтлэх эрх чөлөөг бэхжүүлэх хуулийг гаргах улс төрийн хүсэлгүй байна.
Тиймээс хэвлэн нийтлэх эрх чөлөөнд тулгарч буй асуудлууд байнга үүсэх болсон. Энэ талаар өгүүлсэн таван сэтгүүлч, хоёр судлаач, таван хуульчийн оролцсон ТВ нэвтрүүлгийг хүргэж байна.
Зөрчлийн хуулийн 6.21-тэй холбоотой тайлбарууд болон сэтгүүлчдийн жишээг энэ нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.
Эх сурвалж: https://newspress.mn/v1/p/news/9906