УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа томилогдсоныхоо дараахан 360 сая төгрөгийн үнэтэй, 2017 онд үйлдвэрлэсэн, 0101 УБҮ дугаартай цоо шинэ “Лексус 570” автомашинтай болсон нь олон нийтийн шүүмжлэлд ихээхэн өртсөн. Сошиал ертөнцөд ч гэсэн “Улс орны эдийн засаг тааруу, өр ширэндээ баригдчихаад байхад Ц.Нямдорж сайд ийм үнэтэй тоноглолтой, тансаг зэрэглэлийн автомашин төсвийн хөрөнгөөр авахуулсан нь ёс зүйд нийцэхгүй” гэх сөрөг сэтгэгдлүүд хөвөрч байлаа. Энэ бол 2018 оны эхээр болсон явдал.
Тухайн үед сэтгүүлчид Ц.Нямдорж сайдаас үнэтэй машиных нь талаар тодруулахад “Би тэр машиныг унаж байгаа нь үнэн. Манай яамныхан саяхан хуучин машинуудад зохицуулалт хийж, нэг машин авсан юм” гэж худал хэлж байлаа.
Худал гэдгийн учир нь ХЗДХЯ-ныхан хуучин машинуудаа ийш, тийш зохицуулж, сайддаа шинэ машин авч өгсөн биш, харин Увс нутгийн дүү Ц.Амгаланбаяр нь ШШГЕГ-ын дарга байхдаа фургон машин авахаар төсөвлөсөн байсан мөнгөөрөө Ц.Нямдорж сайдад цоо шинэ, үнэтэй тоноглол бүхий “Лексус 570” автомашин “бэлэглэсэн” нь хэвлэлүүдэд баримтаар ил болсон юм. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын захиалгаар “Лотус голд майнинг” компани 360 сая төгрөгөөр уг автомашиныг нийлүүлсэн байв.
“Лотус голд майнинг” компанийн удирдлага нь мөн л Ц.Нямдорж сайдын нутгийн дүү нар болох нь олны анхааралд өртөж “Албан ёсны дилерүүдээс худалдаж авах ёстой атал Ц.Нямдорж, Ц.Амгаланбаяр нар ашиг сонирхлын зөрчил гаргаж Увсынхнаасаа авсан” гэх шүүмжлэлд ч давхар өртөж байсан удаатай.
Танхимынх нь хамгийн шударга сайдтай холбоотой дээрх мэдээлэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чихийг халууцуулж “Би Ц.Нямдорж сайдад “Машинаа зараад улсын өмч болго” гэж анхааруулсан. Дахиж ийм үрэлгэн байдал, тансаглалыг гаргахгүй” гэж танхимынхаа сайд нартай хамт сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдэж байлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ийнхүү эвгүй байдалд орж дээрх автомашиныг дуудлага худалдаанд оруулж зарахаа мэдэгдэж байсан ч эх сурвалжуудын мэдээлснээр сайдын “бэлэг”-нд авсан “Лексус 570” автомашины үнийг дийлж авах хүн одоо болтол олдохгүй байгаа сурагтай.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайдын сануулгыг үл ойшоож “Toyota Land Cruiser 200” маркийн автомашин авахуулжээ. ХЗДХЯ-ны өмнө сойлттой байх энэ машиныг нутгийн дүү Ц.Амгаланбаярыг ШШГЕГ-ын дарга байхад тус газрын төсвөөр дахиад авахуулсан уу, ямар үнэ ханшаар худалдаж авсан эсэх, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төсвийн хөрөнгөөр дахиж ингэж тансаглахгүй шүү” гэж анхааруулсаар байхад зөрөн байж шинэ машин авсны учир юу вэ, нутгийн дүү нарынхаа бизнесийг дэмжих зорилгоор ийм өндөр үнэтэй машин худалдаж авсан уу, өмнө нь “бэлэг”-нд авсан “Лексус 570” автомашинаа одоо алба, амины хэрэгцээндээ ашиглаж байгаа юу гэх мэт олон асуултыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос асууя.
Эх сурвалж: news.mn