Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт нийт 1082 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 787 зөрчлийг шалгажээ.
Бүртгэсэн ослын улмаас нийслэлд 31 хүн бэртэж, нэг хүний амь нас хохирлоо. Харин орон нутагт долоон хүний амь нас хохирч, найман хүн гэмтсэн байна. Бэртсэн хүмүүсийн 12 нь бага насны хүүхэд байгаа бөгөөд 11 нь явганаар зам хөндлөн гарч байжээ. Дээрх ослын хэргийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал, өчигдөр 18.25 цагийн орчимд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо Нарангийн 24 дүгээр гудамжны задгайд байрлах айлын 2 настай хүүхдийг “H.Accent” маркын автомашин дайрсан осол гарчээ. Жолооч хэргийн газрыг орхин зугатааж, улмаар нийслэлийн Багахангай дүүргийн хяналтын постоос саатуулагдсан байна. Мөн өнгөрсөн сарын 30 буюу мягмар гарагийн 21.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, “Монгол зоог” гэх газрын урд замд “Kia Granbird” маркын автобус нь явган зорчигч 45 настай Н-г мөргөж, амь насыг нь хохироосон ноцтой осол бүртгэгджээ.
Машины ард болон доогуур хүүхэд байгаа нь жолоочид харагддаггүй тул ухрах болон хөдөлгөөн эхлэх үед хүүхэд осолд өртөх аюултай байдаг. Машинаа гражаас гаргах, зогсоолд тавих, ойр зуур хөдөлгөөн хийхдээ, машиндаа суухаас өмнө машинаа тойрч үзээд ард болон ойр орчимд хүүхэд, явган зорчигч байгаа эсэхийг тогтмол шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. Жолооч ухрах хөдөлгөөнийг маш хянуур болгоомжтой хийж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хүүхдийг байнга анхаарч байвал зохино.
Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд 192 согтуу жолоочийг илрүүлж, хуулийн хариуцлага оноосон байна. Мөн согтуугаар жолоо барьсан жолооны эрхгүй 40 хүнийг 7-30 хоногоор баривчилжээ.
Энэ долоо хоногт бүртгэсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 3,2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүн 8 хувиар буурч, амь нас нь хохирсон хүн 3 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56 хувиар тус тус өссөн байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНААС НАЙМАН ЗОРЧИГЧ УНАЖ, ГЭМТЖЭЭ
Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар, нийтийн тээврийн автобуснаас зорчигч унаж гэмтсэн найман осол бүртгэгджээ. Тэдгээрийн дийлэнх нь сууж, буух үед нь хөдөлсөн, огцом тоормозлосон зэргээс шалтгаалсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг, Баянзүрхийн товчооны зам “МТ” ШТС-ын хойд замд зорчигч тээврийн автобусны жолооч огцом тоормослож, зорчигч 62 настай Т гэмтсэн, мөн Чингэлтэй дүүргийн нутаг, Бага тойруугын замд “Aero city” маркын автобусны жолооч огцом тоормослож, зорчигч 23 настай Ц гэмтсэн хэргүүд бүртгэгдсэнийг Тээврийн цагдаагаас шалгаж байна.
МОНЦАМЭ