Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж тодорхой зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан 8.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 132 айлын орон сууцанд гэр хорооллын иргэдийг түр суурьшуулах, түрээсийн орон сууцны зориулалтаар хариуцан ажиллах үүрэг бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, уг байрны 126, 138 тоотод 2017 оны нэгдүгээр сараас хойш өнөөг хүртэл дур мэдэн оршин сууж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан хориглолтыг зөрчсөн байна.
Зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, дээрх байруудыг чөлөөлөхийг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт албан бичиг хүргүүлжээ. Энэ дагуу Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Алтантөгс, Мэдээлэл сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам нарыг ахлах мэргэжилтнээр томилж албан тушаал бууруулан, тэдний оршин сууж байсан байрыг чөлөөлүүлсэн болохыг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг АТГ-т албан бичгээр мэдэгдсэн байна.