“ТВ5” телевизийн удирдлагууд медиа тандалт, ТВ рейтингийн судалгаа хийдэг “Максима Консалтинг” компанийн судалгаанд хамрагдахаас татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдэж мэдээлэл хийлээ.
“ТВ5” телевизийн Ерөнхий редактор Ө.Отгонбаатар “Монгол Улсаа хөгжүүлье уриатай ТВ5 телевиз “Максима Консалтинг” компаниас гаргадаг телевиз үзэлтийн судалгаанд өнөөдрөөс эхлэн хамрагдахгүй гэдгээ тус байгууллага болон судалгааг авч ашигладаг аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор мэдэгдэж байна” гээд шалтгаанаа дараах байдлаар тайлбарлалаа.
“Максима Консалтинг” компанийн судалгааг телевиз үзэгчдийн нэгдсэн судалгаа гэх боловч Улаанбаатар хотын үзэгчдээс 100 айл өрхийг, тэр дундаа зөвхөн орон сууцны айл өрхүүдийг хамруулдаг. Энэ нь харьцангуй бага тоо. 100 айл өрхийг хуваахад нэг дүүргээс 11 айл өрх оролцох бөгөөд насны ангиллаар нь авч үзвэл судалгаа яавч бодитой гарахгүй гэж үзэж байгаа юм байна.
Олон улсын судалгаа хэрхэн хийгддэг талаар дурдахдаа “Судлагдаж буй байгууллагуудад төр, телевизийн удирдлагууд, зар сурталчилгаа өгдөг аж ахуйн нэгжүүд нь хамтарч хяналт тавьдаг. Дээрээс нь дотоод болон гадаад валютын шалгалт хийгдэж байж судалгааг үнэн гэж санал нэгдэн баталдаг. Гэтэл “Максима Консалтинг” нь үнэн эсэхэд хяналт тавьсан байдал нь тодорхойгүй байдаг. Ийм судалгаанд хамрагдахгүй” гэлээ.