Сүүлийн жилүүдэд цэргийн хувцасны хэрэглээ загварын шоутай адил болжээ. Тэр тусмаа улс төрийн томоохон албан тушаалтнууд өндөр цол хэргэм бүхий мөрдөсөөр гангарах нь элбэг боллоо. Та бүхэн ямар нэгэн баяр ёслол, хурал цуглаанд оролцож буй төрийн үй олон байгууллагын албан хаагчдын, ялангуяа бүх шатны дарга нарынх нь өмссөн зүүснийг зориуд нэг ажиглаарай. Энэ үзэгдлийг “дүрэмт хувцасны загварын шоу” л гэхээс өөр юу гэх вэ.
Хоёр төрлийн ногоон, гурван янзын саарал, гурван өөр хөх, хоёр янзын цэнхэр, дээрээс нь завсрын гэмээр ногоолин, бүр байтлаа улаан зэрэг санаанд багтаж болох бүх л өнгөөр гангарсан төрийн албан хаагчид. Элдэв чимэг, мөрдэс, саа манжлагын хувьд бүр ч гаарч өгнө. Хамгийн их цэрэгжсэн, цагдаажсан, дарангуйлагч төртэй улсууд ч ийм хээнцэрлэлийг ядаж эдийн засгийн үр ашиггүй байдал, төсвийн үрэлгэн зардал талаас нь харж үзээд зөвшөөрдөггүй юм билээ. Уг нь манай улсад энэ талаар заасан дүрэм журам, еранхийлөгчийн зарлиг байдаг байлтай.
Цэргийн дүрэмт хувцас гэдэг бол өөрийн үүх түүхтэй, дүрэм журамтай, тэр нь төрийн тэргүүний зарлигаар хуульчлагдсан байдаг. Аль ч улсын зэвсэгт хүчний аль нэгэн төрлийн цэрэгт харьяалагдан алба хааж байгааг болон цэргийн цолыг нь илтгэн харуулах таних тэмдэг.
Гэтэл Баянгол дүүргийн засаг дарга хүртэл энгийн нэг номын нээлтийн үйл ажиллагаанд, яаж авсан нь мэдэгдэхгүй өндөр хэргэмийн мөрдөсөөр гангарч ирсэн нь үнэхээрийн эмгэнэлтэй. Энэ мэт дүрэмт хувцас, цэргийн цол тэмдэг хэн дуртай алиа салбалдай нарын гангарааны хэрэгсэл болсоор байх уу…Үүнийг төр анхааралдаа авах цаг хэдийн болжээ.
Эх сурвалж: paparatsi.mn