Х.Энхболд: Манай тамирчид тивдээ айлгаж байна

Пауэрлифтингийн 2014 оны Азийн аварга, 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медальт, 2007 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, олон улсын шүүгч, шигшээ багийн дасгалжуулагч Х.Энхболдтой ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэмцээнд оролцох гээд завгүй байна уу?

-Тийм ээ. Швед улсад зургадугаар сарын 4-15-нд болох пауэрлифтингийн хэрэглэлгүй төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэвтээ шахалтад оролцохоор бэлтгэл хийж байна.

-Пауэрлифтинг Монголд хэзээ хөгжсөн бэ?

-2003 онд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, улсын гарьд Д.Рагчаа, начин П.Моломжамц, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Мөнх-Эрдэнэ, Дэлхийн аварга Б.Алтангэрэл, “GS” клубын Ганболд тэргүүтэй хүмүүс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоог байгуулсан түүхтэй. Үүнээс таван жилийн өмнө манай дээд үеийнхэн энэ спортыг хөгжүүлэх зорилгоор тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл оруулж ирснээр залуучуудад сурталчилан таниулсан байдаг.

-Тэгвэл та энэ спортыг хэзээнээс эхэлж сонирхох болов?

-2005 он. Үүнээс өмнө чөлөөт бөхөөр хичээллэж цөөнгүй тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Есөн настайдаа чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин А.Энхээ, гарьд П.Сүхбатын байгуулсан “Ирээдүй” цогцолборын хаалгаар анх орсон. Пауэрлифтингээр амжилттай сайн яваагийн нөлөө нь чөлөөт бөх гэж бодож байна.

-Таныг чөлөөтөөр хичээллэж байсныг огт дуулаагүй юм байна?

-“Гэрт ойрхон, мундаг дасгалжуулагчид хүүгээ даатгана” гээд аав маань хоёр багшийн гараас хөтлүүлж байлаа. Багш нарынхаа удирдлага дор 12 жил бэлтгэгдэж, өсвөр үе, залуучуудын УАШТ, олон улсын тэмцээн уралдаанаас цөөнгүй медаль хүртсэн. Надтай тухайн үед нэг жинд хүч үзэж байсан бөх гэвэл улсын арслан Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунболд агсны шавь Гомбодорж гэсэн сайчууд бий.

-Чөлөөтөөр багагүй амжилт гаргачихаад яагаад пауэрлифтинг руу урвах болсон юм бэ?

-Бэлтгэлийн үеэр нуруугаа гэмтээснээс болсон юм. Эмч “Нэг хэсэгтээ барилдаж болохгүй” гэхээр нь бэлтгэлээ таслахгүйн тулд пауэрлифтингээр хичээллэж, хөлсөө гаргаж эхэлсэн. Бэлтгэл сайжирч, туршлага нэмэгдэж байгаа нь мэдрэгдэнэ л дээ. Олон мундаг ах нараас их зүйл сурсан. Тэгсэн 2007 онд “UBS” телевизийн “Strong men” шоу нэвтрүүлэгт оролцох санал ирдэг юм байна. Энэ нэвтрүүлэгт нутаг нутгаас шалгарсан хүчтэй эрчүүдийг нэг дор байрлуулж, бэлтгэл хийлгэж, өрсөлдүүлсэн нь олон хүний сэтгэлд нийцсэн сайхан нэвтрүүлэг болсон. Энэ нэвтрүүлгээс пауэрлифтинг гэж бие даасан спорт байдгийг олон хүн мэдсэн болов уу.

-Та ДАШТ-д хэдэн удаа хүч үзсэн бэ?

-Таван удаа. 2013 онд Норвегид болсон тэмцээнд Ариунбаатартай анх оролцсон. Энэ тэмцээнд Монголооос өмнө нь тамирчин оролцож байгаагүй учир туршлага дутаж, зорилгоо гүйцэлдүүлээгүй тал бий. Бэртэл гэмтэл нөлөөлснөөс харамсалтай үлдсэн тэмцээн бас байна. Зургаан жилийн өмнө хоёрхон монгол хүн энэ тэмцээнд өрсөлдөж байсан бол одоо 30-40 болтлоо өссөн. Үүнд холбооны зүгээс зарим тамирчны замын зардлыг дааж, амжилтыг нь цаг тухайд нь үнэлж байгаатай холбоотой.

-Та Монголын анхны хэвтээ шахалтын дэлхийн аварга болсон. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-2017 онд Чех улсад зохиосон хэвтээ шахалтын дэлхийн аваргад аз гийж, цээжнээс 317.5 кг-ыг шахснаар алтан медаль хүртсэн. Тус улсад сурч, амьдардаг олон монгол хүн намайг дэмжсэний хүчинд сэтгэл зүй тогтвортой байж, хүчээ бүрэн гаргаж чадсан.

Пауэрлифтинг бол хүч төдийгүй сэтгэл зүй их шаарддаг спорт.

-Монголд олимп, паралимпийн наадмаас медальтай зургаан спорт байна. Үүний нэг нь пауэрлифтинг. 80-90 жил хөгжсөн спортоос гараагүй амжилтыг пауэрлифтингчид Монголд авчирлаа. Энэ амжилтыг та юутай холбож дүгнэх вэ?

-Холбооны удирдлагууд, шүүгч, дасгалжуулагч, тамирчид нэг санаа зорилготой байсны үр дүн. Түүнчлэн “Рио-2016” паралимпийн наадмаас гавьяат тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн нь энэ спортыг хүүхэд залууст илүү таниулж өглөө.

-Та Монголын пауэрлифтингийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Маш сайхнаар төсөөлдөг. Захаасаа харагдаж эхэлж байна. Пауэрлифтинг зуны олимпийн наадмын хөтөлбөрт орох боломж ойрхон байна. Хэрэв энэ спорт олимпод орвол Монголоос алтан медальтан төрөх боломж ойрхон бий. Пауэрлифтинг паралимпийн наадам, дэлхийн тоглолт, Азийн наадмын хөтөлбөрт багтсанаас үзэхэд энэ спорт ямар түвшинд хөгжиж байгааг илтгэх болов уу.

Монголын тамирчид дээхнэ үед Азийн аварга шалгаруулах тэмцээнд очиход гадныхан “Болж байна, сайжирч байна” гэдэг байсан бол одоо тивдээ айлгаж байна шүү дээ.

-Төрж өссөн нутаг ус, аав ээжийнхээ талаар ярихгүй юу. Бодвол бөхийн удам бий байх?

-Байлгүй яах вэ. Аав ээж маань Ховд аймгийн Дарви сумынх. Би хотод төрсөн. Аавын талд нутаг усандаа барилдаж ноцолддог хүмүүс цөөнгүй байсан гэдэг. Аав маань ч том амжилт үзүүлээгүй ч барилдах дуртай, бөх сонирхдог хүн. Мөн миний анхны дасгалжуулагч. Бага байхад өглөө бүр гүйлгэж, гар дээр суниалгуулж спортод дурлуулсан хүн дээ.

-Нэгэн үе улсын аварга шалгаруулах тэмцээнд бөхчүүд их ордог байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд эрс цөөрсөн байна?

-Энэ спортоор дагнан хичээллэгсдийн тоо нэмэгдэж, үзүүлэлт нь ахисантай холбоотой. Гэхдээ пауэрлифтингээр үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх, бокс гээд хүчний спортынхон байнга хичээллэж байна. Хөнгөн атлетик, байт харвааны тамирчид хүртэл төмөр өргөж байна шүү дээ. Заавал хийх ёстой спортын төрөл бол пауэрлифтинг.

-Чансаа өндөртэй бөхчүүд энэ спортоор бэлтгэл хийж байгаа харагдсан. Пауэрлифтинг бөхийн спортод ямар ач тустай юм бэ?

-Бөх хүнд хүч, тэсвэр, тэсрэлт их чухал. Энэ бүгдийг пауэрлифтинг өгдөг болохоор бөхчүүд хослуулсан бэлтгэл болгон хийх нь аргагүй юм даа.

-Цөөнгүй бөхчүүд допингтэй нэр холбогдож, амжилтаа үгүй хийсэн харамсалтай явдал гарах боллоо. Танай холбооноос допингийн эсрэг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Монгол Улс Олон улсын допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй 160 гаруй орны нэг. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэлтгүй Монголд болдог бүх тэмцээнд допингийн сорил авдаг. Сорил байнга авдаг болохоор манай тамирчид цэвэр гэж ойлгож болно.

-Тамирчдын хувьд олон улсын тэмцээн, уралдаанд оролцох үед замын зардлаас эхлээд багагүй бэрхшээл тулгардаг. Та энэ бүхнийг яаж зохицуулдаг вэ?

-Олон улсын 10 гаруй тэмцээнд оролцсон. Холбооноос зарим тамирчны замын зардлыг гаргаж байгааг эс тооцвол ихэнхдээ хувиасаа гаргасан.

-ДАШТ-ээс медаль хүртэхэд улсаас шагнал урамшуулал олгодог уу?

-Холбоо маань шинэчлэгдсэнээс хойш шагнал урамшуулал авдаг болсон. ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчны амжилтыг олимпийн бус төрөл гэдэг утгаар нь 30-40 хувиар бага урамшууллыг нэг удаа олгож байгаа.

-Пауэрлифтинг хэрэглээ өндөртэй спорт шиг санагддаг. Таны хувьд жилд хэдэн төгрөгийг энэ спортод зарцуулдаг вэ?

-Аминдэм, хувцас, олон улсын тэмцээнд жилд хоёр удаа явна гэхээр дунджаар 10-15 сая төгрөг болно. Би энэ спортоор хичээллээд 12 жил болоход 200-250 орчим сая төгрөг зарцуулсан байна. Миний тэмцээн уралдааны зарим замын зардлыг спортод элэгтэй компани, холбооны удирдлага гаргадаг.

Н.Даян
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

updown.mn

Мэдээний админ

Learn More →

6 thoughts on “Х.Энхболд: Манай тамирчид тивдээ айлгаж байна

  1. Нэргүй 2019-05-01 21:27 at 21:27

    Ingej bqlairch bgaad hooson ircheed l гоншигоноод байдаг шүү

    Хариулах
  2. Нэргүй 2019-05-02 00:59 at 00:59

    TUGA naizdaa amjilt husey.

    Хариулах
  3. Zochin 2019-05-02 08:22 at 08:22

    Ailgaj bna gej tomorch baigaad yu ch ugui bolov doo. Jaahan daruuhan bai l daa. Yadaj l Azi tivdee huchtei orsoldogchiin neg bolood bgaa gej helbel bolno sh dee. Esvel erhem setguulch ni arai zoolruuleed bichij ch bolno. Jaahan amjilt uzuuleed ireheeree ovchintei hun shig boldogoo bolio. Naad sportiig chni hichneen hun sonirhoj, neg udaagiin temtseend heden hun oroltsdog, busad orgonoor orltsdog temtseenuudiin hajuud oroltsoh hun, orsoldoh hun ni ch tsoohon sh dee. Alivaa yumand uchir zuitei baih ni deer

    Хариулах
  4. Нэргүй 2019-05-02 09:55 at 09:55

    Ямар сүржин байнаа.азид айлгана айн.хэн айв яаж мэдэв хэ хэ

    Хариулах
  5. mgl 2019-05-02 11:01 at 11:01

    Asi bol bidnii huvid jijigdene, Chingisiin Mongolchuud delhii gej l yaridag boloh yostoi.

    Хариулах
    1. Яана даа 2019-07-20 14:37 at 14:37

      Чингис2, одоо энэ нэг улиг болсон Чингисийн монголоо больчихооч. Худлаа омогшсон, Чингисийн монгол гэж цээжээ дэлдсэн… цоо шинэ эрин үе эхэлчхээд байхад бараг бүтэн мянган өнгөрч байхад нөгөөхөө л ярьж дэмий гар хумхиж суух юм… хийж хөдөлмөрлөж байж л энэ яриад байгаа дэлхийд гарна гэдгээ ярихаас биш бид нар Чингисийн удам гээд л дэлхийд зарлагдах, залагдахаа хүлээгээд сууна гэж юу байхав дээ. Үгүйсгэж байгаа юм биш, зүгээр хий омогшиж цээжээ дэлдэхээ л больчих хэрэгтэй юм

      Хариулах

Zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн