Хүн бүр аливаа зүйлийг сурах өөрийн гэсэн арга барилтай. Гэсэн хэдий ч бусдын арга туршлагыг судалж, өөрийн ур чадвартаа нийцүүлэн ололт амжилтыг олох нь олонтаа. Тэгэхээр таны ч мөн арга барилд нэмэр болгох үүднээс “FARO education” англи хэлний сургалтын төвийн захирал Б.Идэр-Одын англи хэл сурах зөвлөмжийг хүргэж байна.
Англи хэл сурахад гардаг нийтлэг хүндрэл, алдаанууд:
-Эхлээд англи үйл үгнүүдийг маш сайн цээжлэх хэрэгтэй. Миний хувьд АНУ-д их сургуулийн 2-р курсийн оюутан байхдаа өмнө цээжилж байсан үг бичсэн картуудаа хараад үүнийг ухаарч байсан. Англи хэл тэр чигтээ хэдхэн үйл үгнээс үүсэлтэй. Хаана ч амиа аваад, аялаад, зугаалаад явахад танд 300 үйл хангалттай.
-Хүмүүс англиар анх ярьж сурахдаа маш хурдан ярих гээд байдаг нь том алдаа болдог. Ер нь америкт боловсролтой, мэдлэгтэй байх тусмаа удаан, паустай ярьдаг. Манайхан хурдан ярих гэж алдаад, түүнээсээ болж өөрийгөө ичээж, сурах хүсэлгүй болоод байдаг талтай. Энэ сэтгэлзүйгээ сайн анхаарах хэрэгтэй.
-Англи хэлээр яг америк, холливууд шиг акценттай ярих нь сайн гэж боддог. Гэхдээ тийм биш. Америк бол олон үндэстний орон. Хатуу хэллэгтэй байлаа гээд хэн ч шоолохгүй. Өөрийнхөө үндэстний акцентаар ярихаас битгий санаа зов.
-Англи хэлний яриа сайжруулахад үгийн өргөлт гэдэг зүйл маш чухал. Өргөлт дээр маш анхаарах хэрэгтэй. Бараг үг нэг бүрчлэн өргөлтийг нь сурах ёстой. Англи хэл бол өргөлттэй хэл. Монгол хэл бол өргөлтгүй ярьж болдог хэл. Өргөлтөө зөв авах юм бол хамгийн зөв яриа болдог. Кино үзэхдээ, гадаадуудтай харьцахдаа хаана яаж өргөж байгааг сайн анхаарах ёстой. Үгийг өргөлтийг буруу хэлснээс болоод ойлгогдохгүй байх тохиолдол гардаг.
-Англи хэл сурах процессийг цасан өвгөн барьж байгаатай адил гэж хэлдэг. Гарт чинь эдийн засгийн эргэлтэд оруулах хэмжээний мэдлэгүүд байх хэрэгтэй. Тэр нь өнхрөх тусмаа томордог. Англи хэлний тэр олон цагуудаас гуравхан цаг дээр л сайн яриад сурчихад хангалттай. Тэр бол таны гар дахь жижигхэн өнхөрцөг.
-Англи, монгол хэлний хувьд дүрмийн асар ялгаатай зүйлүүд байдаг. Монголчууд би, би гээд хүн төвтэй ярьдаг. Монгол хэл хүн талаасаа 90 хувь, обьект талаасаа 10 хувь ярьдаг. Энэ сандал надаар засагдсан гэж хэлдэггүй шүү дээ.Харин англи хэл хүн талаасаа 50 хувь, обьект талаасаа 50 хувь яриад байдаг. Жишээлбэл, энэ ширээ надаар угаагдаад, энэ сандал надаар засагдсан. Энэ нь хүмүүсийн толгойг эргүүлээд байдаг. Энэ мэт ялгаатай дүрмүүдийг сайн тогтооход хангалттай.
Англи үг цээжлэх хамгийн сайн арга бол төсөөлж, оюундаа зураглах
Компьютероор зүйрлэвэл хүний тархи аливаа зүйлийг хадгалахдаа зураг юм уу, видео файлаар хадгалдаг. хэрвээ би танд ээж гэдэг үгийг хэлбэл таны толгойд ээжийнх нь царай, үйл хөдлөл дүрслэгдэнэ. Түүнээс ээж гээд биччихсэн текст санагдахгүй.Тэгэхээр хүн аливаа зүйлийг санахдаа зураг харагдаж байгаа байдлаар төсөөлж, марташгүй цээжилдэг. Тухайн үгэн дээр дөрөөлсөн тухайн үгний талаар маш хүчтэй төсөөллийг бодох хэрэгтэй. Зүгээр нэг морь байна гээд бодохын оронд далавчтай, тэнгэрийн хүлэг шиг морь нисээд явж байна гэх зэргээр. Ямар ч үгний талаар дотроо кино бодож байгаа юм шиг төсөөлөх хэрэгтэй.
Зарим хүмүүс үг бүрийн ингэж төсөөлж, бодит бусаар цээжлэх хэцүү байна гэдэг. Төсөөлж цээжлэх дадлыг өөртөө суулгах хэрэгтэй. Энэ бид аливаа зүйлийг бодитоор харж, байгаагаар нь дүрсэлдэгтэй холбоотой. Энэ нь бидний баруун тархины дадал муутай холбоотой. Өдөрт хамгийн ихдээ 100-150 үг цээжлэх үг бол маш амархан. Төсөөлөх дадлыг л өөртөө суулгахад болно.
Англи хэлийг тууштай сурмаар байгаа бол гал халуун эрмэлзэл төрүүлэх орчныг өөртөө бүрдүүл
Хэрвээ англи хэл сурахаар шийдсэн бол өөрийгөө хоёр жилийн урт хугацааны марафон гүйлтэд гарч байна гэж бодитоор хар. Холын хараатай сурах ёстой. Англи хэлний курсууд бол шаварт зоогдсон хэцүү үеэс нь гаргадаг.
Англи хэл сурах урт хугацааны марафон дунд хүмүүс гол зорилгоосоо байнга хазайдаг, хэцүү санагддаг. Англи хэлийг урт хугацаанд тууштай сайн сурмаар байгаа бол өөртөө гал халуун эрмэлзэл төрүүлэх орчныг бүрдүүл. Өмнөд зүгт Тангуд Улс байгааг өглөө бүр сануул гэдэг шиг. Англи хэл сурахыг байнга сануулж, өдөөж байдаг дотны ойр тойрны хүмүүс чухал. Дотны хүндээ шууд амла. Энэ бүхэн таны англи хэл сурах өдөөгч, хүсэл эрмэлзэл байх болно.