Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун Засгийн газар үг хэлэх эрхийг хамгаалах, нийгэмд ноцтой хохирол учрахаас нь өмнө хуурамч мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор интернэт хэрэглэгчдэд хязгаар тавина гэж мэдэгджээ. Тус улсын парламент “Интернэтэд хуурамч мэдээлэл заль мэх тархахаас хамгаалах тухай” хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа аж.
Мөн Ерөнхий сайд Ли Сянь Лун Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талбарт үзэл бодлоо солилцох боломж олгох зохих хязгаарлалтыг тогтоох ёстой гэж хэлжээ. Түүнчлэн “Страйт Таймс” сонин Ли Сянь Луны хэт хяналтгүй үг хэлэх эрх чөлөөтэй нийгэм огт байдаггүй. АНУ ч тэр, Европын орнууд, тэр дундаа Германд ч тэр хуурамч мэдээлэл тархах асуудалтай тэмцдэг гэсэн үгийг дамжуулжээ.
Сингапурын Ерөнхий сайд энэ мэдэгдлийг хийхдээ тус улсын улс төрийн дотоод амьдралд гадны орнууд ч хутгалдан орохыг үгүйсгэсэнгүй юм. Хэн ийм зүйл хийж болохыг хэлж мэдэхгүй ч манайх маш нээлттэй улс. Тиймээс аливаад эртнээс бэлтгэлтэй байх шаардлагатай гэж тэр хэлжээ.
Саяхан Сингапурын иргэдийн дунд явуулсан санал асуулгаар иргэдийнх нь 80 хувь нь хуурамч мэдээллийг таних чадвартай гэдэгтээ итгэлтэй байна гэж хариулсан байна. Гэтэл туршилтаар ердөө 10 хувь нь л хуурамч мэдээллийг таньсан гэж Ерөнхий сайд нь мэдэгджээ.
Сингапурын Засгийн газар хуурамч мэдээлэл тараасан хүмүүст эрүүгийн шийтгэл хүлээлгэх, түүнчлэн их хэмжэний торгууль ногдуулах тухай хуулийн төслийг энэ сарын 1-нд парламентад оруулж ирсэн байна. Энэ төсөлд зааснаар хуурамч мэдээлэл цацвал 1 сая сингапур долларын торгууль ногдуулахаас гадна 10 жилээр хорих ял онооно гэж заажээ.
Мөн Сингапурын төрийн байгууллагаас хуурамч гэж үзсэн мэдээллийг авч хаях үүргийг интернэт сайтуудад хүлээлгэхээр болсон байна. Харин “Хьюмэн Райтс Ватч” байгууллагын төлөөлөгчид хуулийн төслийг хэтэрхий өргөн хүрээтэй, хүний үг хэлэх эрх чөлөөнд заналхийлсэн үйлдэл гээд шинэ хуулийг батлахаас татгалзахыг уриалж байна.
Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж байгаагаар Сингапурын засаг захиргаа мэдээллийн үнэн бодитой эсэхийг тодорхойлох үндэслэл, шалгуур заагаагүй гэж шүүмжилжээ. “Фэйсбүүк”-ийн бодлогын асуудал эрхэлсэн захирал Саймон Мильнер ч төрийн байгууллагууд компаниудаас худал гэж үзсэн мэдээллээ авч хаяхыг албадах эрхтэй болж байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: tech2.org