“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Гүйцэтгэх захирал Ц.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Баяндэлгэрийг томиллоо. Б.Баяндэлгэр нь санхүүч мэргэжилтэй бөгөөд улсад 32 жил ажилласан байна. Тэрбээр Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар түүнд тамгыг хүлээлгэн өгөхдөө “Стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлд онцгой ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Өнгөрсөн онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар 18.2 сая тонн нүүрс тээвэрлэж, тус компани 71.7 тэрбум төгрөгийн орлого олж, зам засвар, арчлалтын ажилд 22 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.