Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2019.04.29) УИХ-ын дарга Г.Занданшатарт “Хуулийн төсөлд санал хүргүүлэх тухай” хоёр албан бичиг илгээж, УИХ-аар хэлэлцэж буй Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд болон Өмгөөллийн тухай хуулийн төсөлд саналаа хүргүүллээ.
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгийн шатанд нь зохих ёсоор засаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хөндөхгүйгээр “Үндсэн хуулийн цэцээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд хамаарах бусад үйл ажиллагаа” гэсэн 3.1.8 дахь заалт нэмэхийг санал болгож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг тул асуудалд нухацтай хандахыг зөвлөхийн зэрэгцээ саналыг зохих журмын дагуу хэлэлцүүлж, харгалзан шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье” гэжээ.
Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.
ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАСАН САНАЛ:
Өмгөөллийн тухай хуулийн төсөлд туссан Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон заалтуудыг бүрэн хасахыг санал болгож байна. Энэ нь давхардсан чиг үүрэгтэй хоёр байгууллага байгуулж хуульчдад учрах давхар татвар, захиргааны болоод үйлчилгээний дарамт шахалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн хувьд хүндрэл учруулах уршиг бүхий давхардсан татвар, үйлчилгээ нь эцэстээ хуульчдын, тэр дундаа өмгөөлөгчдийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлж иргэн, аж ахуйн нэгжүүдэд дарамт болох, хоёр байгууллагын давхардсан чиг үүргийн золиос болох сөрөг үр дагавараас сэргийлэх онцгой ач холбогдолтой.
Өмгөөллийн тухай хуулийн төсөл нь 7 бүлэг, 54 зүйл, 379 хэсэг, заалтаас бүрдсэн байх бөгөөд уг хуулийн төслийн 379 хэсэг, заалтын 173 нь буюу 45.69% нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэсэг, заалттай адил, эсхүл адил утга агуулгатай байна. Тухайлбал мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох, хуульч/өмгөөлөгчийн хүлээх үүрэг, хориглох зүйл, өмгөөлөгчийн бүртгэл, өмгөөллийн үйл ажиллагааны төрөл, зохион байгуулалтын хэлбэр, өмгөөллийн хуулийн этгээд, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангах, мэргэжлийн хариуцлагын даатгал, өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа, өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг тусгасан зохицуулалтууд нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтуудтай ижил төстэй, нэг утга агуулгатай байх ба шинээр хийгдэж буй зохицуулалтуудын дийлэнх хэсэг нь Өмгөөлөгчдийн холбоо гэх байгууллагыг байгуулах асуудалд чиглэгджээ.
Монгол Улсын Үндсэн хуульд тусгайлан зааж хамгаалсан иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхүүд багтдаг. Тиймээс өмгөөллийн үйлчилгээ нь зөвхөн өмгөөлөгч, хуульчдын асуудал биш, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээтэй эн зэрэгцүүлэн авч үзвэл зохих нийгмийн үйлчилгээ гэдгийг хууль тогтоогчид онцгойлон анхаарах шаардлагатай байна.
Өмгөөллийн тухай хуулийн төсөлд иргэний хууль зүйн туслалцаа авах эрхтэй холбогдсон харилцааг ганцхан зүйлээр нэр төдий зохицуулж, өөрийгөө өмгөөлөх иргэний үндсэн эрхийн асуудлыг бүрэн орхигдуулсан байгаа нь учир дутагдалтай юм.
Тиймээс зохих шаардлагатай асуудлыг зохицуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ийм тохиолдолд засах шаардлагатай асуудлуудыг тухайн хуульд нь нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засан, улам сайжруулах арга хэмжээг авч, Өмгөөллийн тухай хуулиар өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах иргэний үндсэн эрхийг хангах, улмаар нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалахад чиглэсэн өмгөөллийн үйл ажиллагааны эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг хангаж төгөлдөржүүлэх асуудлыг тусгайлан зохицуулж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Өмгөөллийн тухай хуулийг зөвхөн өмгөөлөгчийн болон Өмгөөлөгчдийн холбооны хууль болгон явцууруулах бус өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж буй иргэний хийж болох үйлдэл, үйл ажиллагаа, түүний хүрээн дэх хууль зүйн болон бусад баталгааг тодорхойлох, тэрхүү үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтан, үүрэг бүхий бусад этгээдээс үзүүлж болох, үзүүлэх шаардлагатай дэмжлэгийг хуульчлан заах, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж байгаа иргэнд үзүүлэх өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний заавал мөрдөх стандарт нөхцөлийг нь зааж өгөх замаар иргэдэд өмгөөллийн чанартай сайн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалахад чиглэсэн өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааг урамшуулах, холбогдох баталгаагаар хангах, өөрийгөө өмгөөлөх болон хууль зүйн туслалцаа авах иргэний эрхийг зөрчсөн, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалж байгаа өмгөөлөгчийн үйл ажиллагаанд саад учруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, тодорхой болгох зэрэг асуудалд хуулийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай байна.
2002 оны Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсноор өмгөөлөгчийн болон өмгөөллийн үйл ажиллагааны эрх зүйн орчин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаж ирсэн бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулиар “нийгмийн харилцааг зохицуулж байгаа хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл шаардлагыг тодорхойлно” гэсэн шаардлага тавигдсан байдаг.
Гэтэл Өмгөөллийн тухай хуулийн төслийг санаачлагч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийгээгүй, уг асуудлыг огт зохицуулалтгүй шинэ харилцаа мэтээр авч үзсэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасан “бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх” зэрэг заалтуудыг зөрчсөн, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчигдүүлсэн байдлаар хуулийн төслөө өргөн барьж, хэлэлцүүлж байна.
Тодруулбал дээр дурдсанчлан өмгөөллийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, иргэний эрхийг хамгаалах, эрх зүйн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлийн бодлого, өөрчлөлт Өмгөөллийн тухай хуулийн төслөөс харагдахгүй байгаа бөгөөд хуучин тогтолцоог сэргээх, Өмгөөлөгчдийн холбоо гэх байгууллагыг байгуулах гэсэн нэг чиглэлийг баримталсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуультай давхардсан олон зохицуулалттай, нийгэмд хүрэх үр өгөөж, ач холбогдол нь тодорхойгүй хуулийн төслийг Улсын Их хурлаар хэлэлцүүлж байна.
Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад материалд дурдагдсан дүгнэлтүүд нь тодорхой судалгаа, тоо баримтад тулгуурлаагүй, хийсвэр, цөөн хүний хувийн явцуу үзэл бодолд суурилсан гэж дүгнэж болохоор байна. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хараат бус байдлыг нь хангах хэрэгцээ, шаардлага байгааг үгүйсгэхгүй. Гэвч нэг байгууллага байгуулснаар өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээшилж, хараат бус байдал нь хангагдана гэж үзэх боломж байхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх асуудлыг нэг мөр авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдана. Өмгөөллийн тухай хуулийн төслийг дагалдуулсан хуулийн төслүүдээс энэ чиглэлийн өөрчлөлт, шинэчлэлт огт харагдахгүй байна.
Иймд Өмгөөллийн тухай хуулийн төслийг яаран батлахгүйгээр нийгмийн хэрэгцээ, шаардлагад нь нийцүүлэн чанаржуулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт нь үнэлгээ хийж хуулийн давхардал, хийдлийг нэг мөр тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрх, хараат бус байдлыг хангах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах иргэний үндсэн эрхийг бүрэн хангахад чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээний ялгаа заагийг тогтоох, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалахад чиглэсэн өмгөөллийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, баталгааг бүрдүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн нэг хэсэг болж байгаа өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний чанар, баталгаа, иргэний өмнө хүлээх үүрэг, хариуцлагын асуудлыг өргөн хүрээнд нь судлан хэлэлцэж, бодлогын томоохон өөрчлөлт, ахиц дэвшил авч ирсэн хууль гаргахыг санал болгож байна.
Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Хууль тогтоомжийн төслийн сонсгол”-ыг зохион байгуулж, олон нийтийн саналыг өргөн хүрээнд авч тусгахыг санал болгож байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлд “нийтийн ашиг сонирхолд шууд хамааралтай …нийгмийн …асуудлыг шийдвэрлэх” хууль тогтоомжийн төсөлд сонсгол явуулж болно гэж заасан бөгөөд өмгөөллийн үйлчилгээ нь зөвхөн өмгөөлөгч, хуульчдын асуудал биш, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээтэй эн зэрэгцүүлэн авч үзвэл зохих нийгмийн үйлчилгээ мөн юм.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах” ажиллагааг хууль санаачлагчийн зүгээс зохион байгуулах шаардлагатайг хуульчилсан.
Өмгөөллийн тухай хуулийн төслийг санаачлагч нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээд болох өмгөөлөгчид болон Монголын Хуульчдын холбоогоор уг хуулийн төслийг хэлэлцүүлж, санал авах ажиллагааг албан ёсоор хийгээгүй байх бөгөөд Монголын Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоо ТББ-аас хийсэн 2015, 2016 оны судалгааг ашиглажээ.
Иймд Өмгөөллийн тухай хуулийн төслийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зүй ёсоор хөндөгдөж байгаа нийт өмгөөлөгчдийн хүрээнд дахин хэлэлцүүлэх байдлаар Монголын Хуульчдын холбооноос албан ёсоор санал авч, харгалзан үзэх ажиллагааг хэлэлцүүлгийн шатанд зохион байгуулахыг санал болгож байна.
Өмгөөллийн тухай хуулийн төсөлд “Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосноор өмгөөлөгчдийн мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, өмгөөллийн үйл ажиллагааны бие даасан байдал, өмгөөлөгчийн хараат бус байдал алдагдсан” гэж дурдсан атлаа тухайн хуулийн төслийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийн хэрэгжилтийг хангах асуудлын хүрээнд Өмгөөлөгчдийн холбооноос явуулж байгаа үйл ажиллагаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлж, хяналт тавина” гэж заасан байна.
Энэ нь хуулийн төслийн үзэл баримтлалтайгаа зөрчилдсөн төдийгүй, өмгөөллийн болон өмгөөлөгчийн үйл ажиллагааг төрөөс хараат болгох, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагыг үгүй хийх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналтад ажилладаг холбоонд өмгөөлөгчид захирагдах, улмаар өмгөөлөгчид ирэх аливаа дарамт шахалтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагаварт хүргэхээр байна.
Иймд энэ төрлийн заалтыг бүрэн хасах шаардлагатай гэж үзэж байна.
Өмгөөллийн тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд “Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор хуралдуулах бөгөөд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна” гэж Өмгөөллийн тухай хуулийн төслийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд тусгажээ.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульч, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийг Монголын Хуульчдын холбоо хөтөлдөг. Түүнчлэн өмгөөлөгчийн эрх зүйн байдал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаж байна.
Өмгөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд уг хуулийн төсөл батлагдсанаар өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг хангах тогтолцоог бүрдэнэ гэж дүгнэсэн атлаа хуулийн төслийн зорилтод тусгасан өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулах үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллага хутгалдан оролцох, өмгөөлөгчдийн байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих, зарим журмыг нь батлах хүртэл эрхийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгохоор тусгасан байгаа нь бие даасан, хараат бус тогтолцоо бүрдүүлэх зорилгоос бүрэн гажиж байна.
Иймд Өмгөөллийн тухай хуулийн төсөл батлагдана гэж үзсэн тохиолдолд шинээр байгуулагдах Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулах бус Монголын Хуульчдын холбоо хариуцан зохион байгуулах, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоог бүрэн халах зэрэг арга хэмжээг авч, холбогдох хуулийн төсөлд тусгахыг санал болгож байна.
Миний бие хүний эрхийг хамгаалах, хууль зүйн салбарыг хөгжүүлэх, хуульт ёсыг бэхжүүлэх чиглэлд сайн дурын үндсэн дээр идэвх санаачилга гарган, эвлэлдэн нэгдэж ажиллаж байгаа хуульчид, хуульчдын төрийн бус байгууллагуудыг дэмжиж ирсэн бөгөөд Монголын өмгөөлөгчдийн холбоог төрийн дээд одонгоор шагнасныг үүний нэг илрэл гэж үзэж болно. Цаашид мөн энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Харин төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, ололт амжилтыг үгүйсгэсэн, ухарч няцсан, нийгмийн хэрэгцээ, шаардлагыг харгалзсан гэхээсээ илүүтэй хэсэг бүлгийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийг зорьсон ийм бодлогыг хэрхэвч дэмжихгүй гэдгээ үүгээр мөн илэрхийлье.
Саналыг зохих журмын дагуу хэлэлцүүлж, харгалзан шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.