БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдардаг 20 мянга орчим монголчууд байгаа. Тиймээс доорх мэдээллийг хүргэж байна.
БНСУ-ын Мук Пу Тэнгисийн цагдаагийн газар өчигдрөөс (2019.04.29) эхлэн аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл иргэдийн ажлын байр, аюулгүй байдлыг хангах үүднээс дотоод, гадаадын иргэдийн хууль бус үйлдэл болон бичиг баримтын шалгалтын ажлыг чангатгахаа мэдэгджээ.
Тус шалгалтаар иргэний бүртгэлийн мэдээлэл, бүртгэлгүй дотоодын ажлын байрны мэдээлэл болон хууль бус хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэний мэдээлэл, далайн ан агнуурт хууль бусаар ажиллаж буй гадаадын иргэн гэх мэт чиглэлийг баримтлан илрүүлэх ажлаа хэрэгжүүлэх аж.
Шалгалтаар дээрхи хууль бус үйлдлийг 10-аас дээш жил хийсэн нь тогтоогдвол хатуу шийтгэх бөгөөд хууль бус гадаад иргэдийг санаатайгаар дэмжин ажилласан хувь хүн, аж ахуйн нэгжийг хуулийн байгууллагад шилжүүлэх зорилготой ажиллах юм байна.
Мук Пу хотын дарга “Аяллын визээр орж ирээд хууль бусаар ажиллаж буй гадаад иргэд нэмэгдэж буйтай холбогдуулан нутгийн оршин суугчдын аюулгүй байдал, ажлын байрыг хангах зорилгоор уг ажиллагааг эрчимжүүлнэ” гэж хэлсэн байна.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тус хотын зүгээс энэ төрлийн ажиллагааны үр дүнд хууль бус ажил олгогч болон хууль бус иргэдийн 33 хэрэг бүртгэгдэж, 91 иргэний хууль бус үйлдлийг илрүүлжээ.
Мөн БНСУ-ын Хууль зүйн яам болон Хөдөлмөрийн яамнаас энэ сарын 23-24-ний өдрүүдэд Кёнг Ги мужийн Ханам дүүрэгт хууль бусаар хөдөлмөр эрхлэгч иргэдийг илрүүлэх урьдчилсан арга хэмжээг зохион байгуулж тус дүүргийн барилгын салбарын 2 газарт гэнэтийн шалгалт хийсэн байна.
Шалгалтын үр дүнд тус барилгуудын ажлын байранд хууль бус гадаад иргэд илрээгүй боловч Н-2 визээр орж ирсэн гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон бөгөөд тус байгууллагуудын тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагааг 2 жилээр хязгаарлаж тус бүр 1 сая воноор торгохоор болжээ.
Одоогоор тус шалгалтаар илэрсэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гэх гадаадын иргэдийн харъяалал ба тоог нийтэд ил болгоогүй байгаа юм.
Харин барилгын салбаруудад Н-2 визтэй гадаадын иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа заавал холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстойг хатуу анхааруулж, уг ангиллын визтэй гадаад иргэд хөдөлмөр эрхлэхэд хуулийн хүрээнд асуудалгүй болохыг сануулсан ба Н-2 визтэй гадаадын иргэд нь нэн тэргүүнд хуулийн дагуу зөвшөөрөл авсан байх шаардлагатай гэнэ.