Өчигдөр шөнө Капитал банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Янжин, Зээлийн газрын захирал Дэлгэрцэцэг нарыг цагдан хорьжээ. Тодруулбал, тус банк дампуурч, эрх хүлээн авагч томилж буйг Төв банкнаас энэ сарын 8-нд зарласан нь тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг бухимдуулаад байгаа билээ. Тэдэнтэй зэрэгцээд “Бишрэлт” группийнхэн ч Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудын дээрх шийдвэрт илт дургүйцэх болсон талаарх мэдээлэл байна. Энэ үйл явдлуудтай зэрэгцээд “Капитал” банкны эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл нь банкыг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа, эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн юм. Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар цаг тухайд нь прокурорын байгууллагаас мэдээлэл өгөх юм.
Ямартай ч өчигдөр шөнө хоёр захирлыг нь баривчилсан нь тус банкны удирдлагуудад нэлээн том цохилт өгч тэд дор бүрнээ үймэлдэж боломжит бүхий л аргыг хайж эцэст нь лам хуврагаар явж эхлээд буй аж. Тухайлбал, “Бишрэлт” групп, “Капитал” банкныхан эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж буйтай холбоотойгоор Монголбанкны эрх хүлээн авагч болон хэрэгт хяналт тавьж байгаа НПГ-ынхан, шүүхийнхэн, мөрдөн байцааж эхэлсэн цагдаагийн ажилтнуудад нөлөөлөх гэж оролдсоных уу, удган, зайрангаар бөөгийн зан үйл, арга чарга хийлгэж, өргөл барьц өргөж явааг албан бус эх сурвалжууд мэдээлж байна.
Харин хууль сахиулагчид “Төрийн сүлдний өмнө ямар ч шашны зан үйлийн хүчин мөхөстдөг” гэж үздэг тул тэдний хийлгэсэн арга заслыг үл ойшоож буй аж. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр банкны эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар тооцохоор болсон гэнэ. Банкны удирдах албан тушаалтнуудыг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж буй аж.
Гүйцэтгэх захирал А.Ариунболдыг өөр нэг удирдах албан тушаал хашдаг эмэгтэйн хамт шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд “Капитал” банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын дансан дахь мөнгийг хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийнхээ данс руу шилжүүлж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан сурагтай. “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдын хувьд өмнө нь банкны хууль тогтоомж болон түүний дагуу гаргасан валют арилжааны журмаар тодорхойлсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тус банкны ажилтан нь хууль зөрчиж хадгаламж эзэмшигч нарт онц их хэмжээний хохирол учруулах нөхцлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагад шалгуулж, хэрэг нь шүүхэд очиж байсан нэгэн билээ.
1 comment
AN darga Erdene naad banktai chini ami negtei.