ISSF World cup Rifle/Pistol буюу буудлагын спортын дэлхийн цомын тэмцээнээс ОУХМ Энхтайваны Даваахүү өнгөрөгч бямба гарагт (2019.04.27) “Токио-2020” олимпын их наадамд оролцох эрхээ авлаа. Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод энэ сарын 20-29-ний өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Э.Даваахүү 177.9 оноогоор 5-р байранд шалгарч Олимпод өрсөлдөх эрхтэй боллоо.
Тэрээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил буудлагын спортоор хичээллэжээ. Э.Даваахүү нь Дэлхийн аваргын хос хүрэл медаль, 2015 онд Дэлхийн оюутны зуны “Универсиад” 27-р наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль гээд хүртэж байсан гавъяа шагнал их юм.
Дөрвөн ахын дулаан нөмөрт өсч өндийсөн түүний энэ удаагийн том амжилт бол тэнгэрийн оронд заларсан аавынх нь хүсэл байжээ. Тэр л хүсэл нь энэ өдөр биеллээ олж буйд баярласан сэтгэгдлээ түүний ээж цахим хуудсаар дамжуулан олонтойгоо ийн хуваалцжээ.
Олимпын эрхийн эзэн Э.Даваахүү мөн баярт үйл явдлаа хуваалцан “2008 оноос хойш өдийг хүртэл надад итгэж тусалж байсан Гэр бүлинхэндээ. МУГД Ц.Өлзийбаяр болон Цэрэн эгчдээ, МБСХ-ны удирдлага, үе үеийн буудагчид, БХЯ, Алдар спорт хороо, МҮШБ-н алба, ТСТөв, АПУ ХК, “Их Ав” дэлгүүр, “Гэгээн ертөнц” цэцэрлэг, “Аваргаас Аварга” клуб, үнэнч андууддаа, тусалж байсан бүх хүмүүстээ болон нутгын ах нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Одоо дараагийн даваа Токиогийн тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлэхийн тулд өөрт байгаа бүх хүчээ дайчлан ажиллах болноо баярлалаа. Токиогийн тэнгэрт Монголын Далбаа олон мандах болтугай. . .” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Монголчуудын хувьд буудлагын төрөл Олимпийн найдваруудын нэгт зүй ёсоор тооцогддог. Тэгвэл энэ төрөлд залуу тамирчид ийнхүү хүч түрэн гарч ирж байна.
Буудлага спортын тамирчдаас “Токио 2020” олимпын анхны эрхийг Монголын буудлага спортын шигшээ багийн тамирчин, спортын мастер Ц.Анударь хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд МУ-ын рекорд тогтоож, ОУХМ цолны болзол ханган, тус тэмцээнд тавдугаар байрт орсноор авч чадсан билээ.