Өнөөдөр Төв банкнаас мэдээлэл хийв. Энэ оны эхний дөрвөн сард зөвхөн тус банкны санхүүжилтээр 900 орчим зээлдэгчид 64 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Тэгвэл энэ хугацаанд Засгийн газар, Төв банк, арилжааны банкны санхүүжилтээр нийт 86 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Цаашлаад сар бүр гурван эх үүсвэрээс нийт 35 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсноо мэдээлэв. Хуулийн хүчинтэй хугацаа нь дууссанаас үүдэн он гарснаар Төв банкны алт худалдан авалт буураад байсан. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж АМНАТ-ыг таван хувь болгосон. Ингэснээр алт тушаалт нэмэгджээ.
Тус банкны Санхүү статистикийн газрын захирал Б.Батсүрэн мөнгөний нийлүүлэлтийн мэдээллийг танилцуулав. Энэ хугацаанд валютын хадгаламж буурч, төгрөгийнх нэмэгдсэн байна. Одоогоор хадгаламжийн хэмжээ 14 их наяд байгаа гэнэ. Үүний 79 хувийг хувь хүн эзэлж байгаа аж. Хадгаламжийн зээлийн 20 хувийг гадаад валютын зээл эзэлдэг бол гадаад валютын зээлийн 19 хувийг хувь нь бүрдүүлдэг байна. Тэгвэл зээлийн тухайд энэ үйлчлэл урвуугаараа байгаа юм. Нийт зээл өнөөдрийн байдлаар 17 их наяд байгаа бол үүний 15 хувийг гадаад валютын зээл. Гадаад валютын зээлийн 90 гаруй хувь нь аж ахуйн нэгжийн авсан зээл байна. Ингэхээр иргэд хадгаламжаа валютаар, зээлээ төгрөгөөр авдаг байна. Сүүлийн үед валютын зээл багасаж байгааг энэ үеэр онцлов.