Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цогтцэций суманд ажиллав. Энэхүү ажлын хэсэгт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Тагнуулын газар, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций сум дахь салбарын төлөөлөл зэрэг мэргэжлийн байгууллага багтжээ.
Шалгалтад 24 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж нийтлэг зөрчил дутагдлыг засаж залруулах, хууль журмын дагуу хийж хэрэгжүүлэх ажлуудыг анхааруулсан байна. Нүүрс ачиж буулгах талбайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага бүрийг тус тусад нь үнэлж тоосжилтын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх бодит ажлуудыг хийж хэрэгжүүлэх, хог хаягдал, эрүүл ахуйн зөрчил дутагдлыг арилгах, гэмт хэрэг зөрчил аваар ослыг бууруулах үйл ажиллагааг хуулийн байгууллагуудтай хамтарч сайжруулах хэрэгтэйг онцоллоо.
Тус суманд ажиллахдаа “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх зорилгоор “Страто” ХХК нь туслан гүйцэтгэгч “Илч майн ” ХХК-иар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгаар дамжуулан сайжруулсан шороон зам тавихдаа хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байсныг таслан зогсоожээ.
Тавантолгойн орд газарт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс-Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой”, “Гашуун сухайт авто зам” ТӨХК зэрэг 4 компанийн тээвэрлэлтийн нөхцөлд мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалт хийж зөрчил дутагдалтай тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох, бууруулахад холбогдох компаний удирдлага ажилтнуудад ажлын хэсэг үүрэг чиглэл өглөө.