Эх орондоо зочилсон гадаадын Төрийн тэргүүнүүдийг уулзалтын өмнө бага зэрэг хүлээлгэж хэвшсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр анх удаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг хүлээв. Энэ явдлыг хэвлэлүүд В.Путин Солонгосын хойгийн хасуудалд оролцох хүсэл өндөр байгаагийн илрэл гэж тайлбарлаж байна.
Хоёр улсын Төрийн тэргүүний уулзалт өчигдөр таван цаг орчим үргэлжилсэн бөгөөд уулзалтын үеэр В.Путин, Ким Жон Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг голлон ярилцсан байна.
Ким Жон Ун энэ уулзалтын үеэр “Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдал бүхэлдээ АНУ-ын цаашдын хандлагаас хамаарна. БНАСАУ бүх боломжит хувилбар нөхцөлд зохицон ажиллахад бэлэн байгаа” гэж мэдэгджээ.
Мөн В.Путин хоёрдугаар сард Ханойд болсон уулзалт амжилтгүй болсон нь АНУ-ын хандлага, байр суурьтай холбоотой хэмээн тайлбарласан гэж Хойд Солонгосын Төв Агентлаг мэдээлжээ.
Түүнчлэн В.Путин Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг зөвхөн яриа хэлэлцээрийн замаар шийдэх ёстой. Үүний тулд Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа хэрэгтэйг онцолжээ. Харин В.Путин сэтгүүлчидтэй уулзахдаа Ким Жон Унтай хийсэн хэлэлцээрийнхээ үр дүнг АНУ-ын талд мэдээлнэ. Бидэнд нуух зүйл, ямар нэг хуйвалдаан байхгүй. Америкийн талд биднийг байр сууриа илэрхийлэхийг Ким удирдагч өөрөө хүссэн юм хэмээн ярьжээ.
Ким Жон Ун В.Путиныг Умард Солонгост тохиромжтой цагтаа айлчлан ирэхийг урьсан бөгөөд урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч талархан хүлээж авсан гэнэ. Хойд Солонгосын удирдагч өнөөдөр сонгодог урлагийн тоглолт, далайн аквариум үзээд үдээс хойш эх орон руугаа хөдлөх юм байна.
Владивостокийн уулзалтаас ямар нэг хамтарсан мэдэгдэл гаргаж, гэрээ хэлцэл байгуулсангүй. Гэхдээ уулзалт чухал ач холбогдолтой болж өнгөрсөн гэж хоёр улсын албаны эх сурвалж мэдээлж байна.