Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удирдлагууд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сард 110 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж байсан аж. Барилгын ажил дуусч хэлтсийн алба хаагчид шинэ орон сууцныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа. Түлхүүр гардуулан өгөх ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ЦЕГ-ын дэд дарга П.Батбаатар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд нар оролцов.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Төр түмнийхээ аюулгүй, амгалан тайван байдлын төлөө нойр хоолоо умартан, цаг наргүй ажиллаж байдаг цагдаагийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө нийслэлийн Төр захиргааны байгууллагын зүгээс онцгой анхаарал тавьж ажилладаг. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн өөрсдийн нөөц бололцоог ашиглан тодорхой компаниудтай хамтран алба хаагчдынхаа нийгмийн асуудлын томоохон хэсэг болох орон сууцны асуудлыг шийдвэрлэж байгаад баяртай байна. Цагдаагийн байгууллагын материаллаг баазын бэхжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр тодорхой үүрэг хүлээн ажилладаг. Энэ онд цагдаагийн байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудал дээр тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан байгаа” хэмээлээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Өмч хамгаалах зөвлөлийн орчин нөхцөлөө сайжруулах асуудлыг дотооддоо хариуцаж шийдвэрлэх зөвшөөрлийг үндэслэн тус цагдаагийн хэлтэс өөрийн эзэмшиж байгаа газрын тодорхой хэсэгт орон сууц барихаар болсон аж. Тус хэлтсийн алба хаагчид “Таван сүлдэт эрдэнэ” БГБХН-ийг үүсгэн байгуулж барилга барих газрыг шилжүүлэхээр шийдвэрлэж байжээ. “Таван сүлдэт эрдэнэ” БГБХН нь “Сүмбэр цамхаг” ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож өнгөрсөн оны тавдугаар сард нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилга эхлүүлэх зөвшөөрлийг авч байсан аж.
Шинээр ашиглалтад орсон орон сууцанд БЗД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 64 алба хаагч болон УБХЦГ, Эрүүгийн цагдаагийн газар, хөдөө орон нутаг, бусад дүүргийн 46 алба хаагч орохоор болсон байна. Орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан цагдаагийн алба хаагчид баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа Ц.Гансүх “Шинэ орон сууцанд орж байгаад маш их баяртай байна. Алба хаагчдынхаа ар гэрийн, нийгмийг асуудлыг шийдвэрлэж өгсөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удирдлагууд, Барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулсан “Сүмбэр цамхаг” ХХК-ийн хамт олондоо талархсанаа илэрхийлье” гэлээ.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Ахмадын зөвлөлийн дарга Б.Даваацэрэн “Монгол түмний их баяр цагаан сарын өмнө шинэхэн байрныхаа түлхүүрийг гардан авч байгаадаа баяртай байна. Төр засагтаа, нийслэлийн удирдлагууддаа, цагдаагийн байгууллагын удирдлага хамт олондоо талархал илэрхийлмээр байна” хэмээсэн юм.
Орон сууцны мкв-ын үнийг зах зээлийн үнээс харьцангуй хямд байхаар тооцсон байна. Урьдчилгаа төлбөрөөс хамааран 30 хувийг төлбөл нэг мкв-ыг нь 940 мянга, 40 хувийг төлбөл нэг мкв-ыг нь 920 мянга, 50 хувийг төлбөл нэг мкв-ыг нь 890 мянган төгрөг, 100 хувь төлбөл нэг мкв-ыг нь 860 мянган төгрөгөөр тооцон алба хаагчдад олгохоор болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон, нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.