Монголын Төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Баяраа тэргүүтэй хүмүүс өнөөдөр (2017.02.24) хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хороо Засгийн газар болон салбарын яамандаа төмөр замын салбарт ажиллаж байгаа удирдлагыг мэргэжлийн боловсон хүчний дотроос томилох, шаардлагатай томилгоог нэн даруй шийдвэрлэхийг хүссэн шаардлага хүргүүлжээ. МТЗ-ыг мэргэжлийн хүн удирдаж байгаа ч удирдлагын баг ялангуяа орлогч даргын албан тушаалыг мэргэжлийн бус хүмүүс хашиж байгаа нь салбарын үйл ажиллагааг доголдуулахад хүргэж байна гэж Монголын төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн хороо үзэж байгаа аж.
Өнгөрсөн оны есдүгээр сараас төрийн байгууллагуудыг хамарсан дарга, удирдлагын халаа сэлгээ, томилгоо хийгдэж эхэлсэн ч энэ шуурганд Төмөр зам хараахан өртөөгүй байгаа аж. Засаг солигдоход “уламжлал ёс”-оор албан тушаалаа өгдөг учраас би ч бас ажлаа өгнө гэсэн бодолтой яваа дэд дарга нар ажлаа хийдүүлж, өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь албаны ажлыг зогсоож байна гэж тэд мэдэгдэв. Дарга нарын томилгооны хүлээлт, нүүдэл суудлаас үүссэн ажлын хийдэлд хамгийн их дургүйцэж байгаа хүмүүс бол төмөр замын 50 хувийг эзэмшдэг ОХУ-ын гэнэ. Тэд удирдлагын асуудлаа нэг тийш нь шийд гэсэн шаардлагыг тавьж амжсан байна. Мөн хэвлэлийн хурал зохион байгуулагчид “Засгийн газар Төмөр замын салбарт өмнө нь байгаагүй албан тушаал бий болгож, орлогч дарга нарын орон тоог нэмж, бүтцийг данхайлгасан. Энэ нь төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулж байгаа явдал” гэдгийг дуулгаад амжлаа.