Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2019.04.25) УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5-д заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1, 39.9, 40.8 дугаар зүйлүүдэд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлттэй хуулийн заалтыг нийцүүлэх, мөн хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан алдааг засаж, зөвтгөх зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Гарамжав, М.Билэгт, Д.Дамба-Очир нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ялыг дордуулж хэрэглэсэн тохиолдол хэчнээн байгааг тодруулахын зэрэгцээ эдгээр хэргийн ялыг хөнгөвчлөх эсэхийг илүүтэй тодруулсан юм.
Төсөл санаачлагч гишүүн Х.Нямбаатар хариултдаа, 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9, 40.8 дугаар зүйлийг өөрчлөлгүйгээр шүүгдэгчид ялыг хүндрүүлж оногдуулсан 56 орчим хүн байгааг дурдаад энэ асуудлыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын зөвлөл дахин хэлэлцэж, шийдвэр гаргах байх гэдгийг онцолсон.
Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.6 хувь нь дэмжив.