УИХ-ын өнөөдрийн (2019.04.25) чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тус түр хороо нь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянах зорилготой юм. Тодруулбал, Олон улсын Парламентын холбооны Удирдах зөвлөлөөс С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ирсэн албан бичгийг судалж, хэргийг мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн эсэхийг тогтоох юм.
Ингээд Түр хороо байгуулахыг УИХ-ын гишүүдийн 88.6 хувь нь дэмжиж, УИХ-ын долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар болов. Үүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Энхболд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтжээ.
Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоол өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.