Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Шилийн Богд”-д энэ сарын 22-ны өдөр хээрийн түймэр гарсан байна. Түймрийн мэдээллийг 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0184 дүгээр ангийн 5 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 23 хүн ажиллаж, 20:00 цагт цурманд оруулж, 23:10 минутад бүрэн унтрааж, тус сумын тусгай хамгаалалттай газрын даргад хүлээлгэн өгчээ.
Тухайн үед байсан гурван этгээд гал алдсан байж болшгүй бөгөөд тэд гал алдчихаад зугтсан гэж эх сурвалж мэдээлж байсан юм. Тэгвэл тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, таван иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Түймэрт нийт 3 га бэлчээрийн талбай шатсан байна.
Иргэдэд анхааруулахад, таны болгоомжгүй нэг үйлдлээс болж, ил задгай гал түлэх, татсан тамхины ишээ унтраалгүй хаях, шашны зан үйл үйлдэж гал гаргах зэргээс үүдэн хүрээлэн байгаа орчинд нөхөж баршгүй гарз хохирол учирч та өөрөө гэмт хэрэгтэн болж ажил, амьдралаараа давхар хохирох эрсдэл үүсч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.