Ус сувгийн удирдах газрын харьяа Цэвэрлэх байгууламжид болсон үйлдвэрлэлийн ослын улмаас дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлийн Засаг дарга мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хурлыг газар дээр нь зохион байгуулж, Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа юм.
Түүнчлэн хотын захирагч харамсалтайгаар амиа алдсан дөрвөн ажилчны ар гэрийнхэнтэй уулзаж, холбогдох арга хэмжээг авч байгаагаа өчигдөр (2019.04.22) дуулгаад, талийгаачдын ар гэрийнхэнд тус бүрт нь хоёр өрөө байр, 36 сарын цалингийн тэтгэмж олгохоор шийдвэрлэснээ мэдэгдэв. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгслээс авахуулаад хэрэгцээт бүхий л зүйлээр дэмжин ажиллах болно гэдгээ хэлсэн юм.