Куликовын тулаан буюу Орос улсын үүсэл

Оросын эх орончид Оросын Донын Дмитрий гэж алдаршсан Москвагийн Их вангийн удирдлагаар цэрэглэн босож Орос орноо татаарчуудын хүнд бэрх дарлалаас чөлөөлөх эхийг нь тавьсан юм хэмээн манай түүхийн сурах бичгүүдэд тайлбарлаж, бид ч үүнд нь итгэдэг байлаа. Харин одоо энэ бүхэн худал болох тухай оросууд өөрсдөө бичээд эхэллээ. Монголчууд Бат хааны үеэс л эхлэн зөвхөн өөрсдийн төлөөний хүнийг томилон үлдээж, татвар авахаар хязгаарладаг байсан болохоос бус оросын хотуудыг эзлэн сууж ноёрхлоо тогтоодоггүй байсан тул татаар монголын дарлал гэж бичих нь учир дутагдалтай хэмээн оросын зарим эрдэмтэд бичих болжээ. Оросын түүхчдийн бичээд байдаг 250 жилийн “дарлалын” хугацаанд „түрэмгийлэгчдийг“ эсэргүүцсэн нэг ч бослого түүхэнд тэмдэглэгдээгүй байдаг нь бодит үнэн бөгөөд энэ бол оросын түүхэнд байж болохгүй үзэгдэл юм. „Дарлал“ байсан л бол „дарлагдсан“ ард түмэн босох байсан биз, энэ бол байгалийн хууль.

Алтан ордны улс нь тухайн үед хөх ба цагаан хоёр ордод хуваагдаад байсан ба Тохтамыш нь хөх ордын хааны суудлыг өвлөж авсан ба хожим 1376 онд Тимур-Маликийн туслалцаатайгаар цагаан ордыг өөртөө нэгтгэжээ. Тохтамыш хаан ширээнд залрахын өмнөх хорин жилд хорь гаруй хүн хаан ширээнд залагдсан боловч тухай бүр ордны эргэлтээр алагддаг байжээ. Үүний нилээдийг нь Мамай зохион байгуулсан гэж үздэг. Сарайд төрийн эргэлт гарах бүр оросын вангууд очиж тангараг өргөх болдог байжээ. Алтан ордны улс нь 14-р зуунд Европ болон Азийн томоохон улсын нэг байлаа. Баруун тийшээ Дунай мөрөн зүүн тийшээ Обь, Эрчис мөрөн, хойшоо Башкир, Ижилийн Булгар, өмнө зүгтээ Тебриз (Иран) хүрч байв. Мамай Тохтамышын эсрэг тэмцэхийн тулд Генуэгийн худалдаачдын дэмжлэгийг авч тэд хариуд нь орост чөлөөтэй худалдаа хийх эрх нэхжээ. Үүнийг биелүүлэхийн тулд Москвагийн Дмитрий ванд Оросын Их вангийн суудлыг амлаж хамтран тэмцэх санал тавьжээ. Цагтаа Дмитрий Ван Мамай хоёр хамтран Рязанийн ван Олегийн эсрэг байлдаж явсан ажээ. Гэвч Дмитрий ван Мамайг дэмжихээс татгалзаж, Алтан ордын хууль ёсны эзэн хаан Тохтамышт үнэнчээ нотолж энэ саналаас нь татгалзжээ. Оросууд Мамайтай хэрхэн харьцах талаар үнэндээ нэгдсэн үзэл бодол байсангүй, харин Мамай үнэн алдартны шашинтны дайсан болох католикуудтай хамтран ажилладаг тул үнэн алдартны шашинт оросууд түүнд дургүй байжээ. Ингээд мөргөлдөөн гарах нь гарцаагүй болов.

Энэ тулалдаан тэр үеийн болдог л нэг мөргөлдөөн байсан болохоор Дмитрийд Мамайг цохих үүрэг өгсөн Тохтамыш ч Мамайн холбоотон Ягойла ч 1380 оны 12-р сарын 8-нд болсон тулалдааны талбар луу яарахгүй байв. Оросын Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн профессор Антон Горскийн үзэж байгаагаар оросууд өөрсдийн хууль ёсны эзэн хааныхаа төлөө буюу Чингисийн удмын хаан ширээ залгамжлагч Тохтамышын төлөө тулалдсан ажээ. Хаан сэнтийд хууль ёсны эзэн Тохтамыш залагдсаны дараагаар оросын вангууд үнэт бэлэг өргөн барьцгааж байсан нь түүхэн сурвалжуудаас харагддаг ба энэ нь үүнийг нотолж байна гэж тэрээр үзжээ. Мамай 1380 онд Куликовын талд Алтан ордын хаан Тохтамышт ялагдаад Генуагийн худалдаачдын мөнгөөр хөлсөлж авсан хөлсний цэргээ алдсандаа нэг их сэтгэлээр унасангүй. Ялж ялагдаж үзсэн толгой ажээ. Мамай бол Чингэсийн шууд удмын бус, зөвхөн тэдний хүргэн төдий байсан тул Алтан ордны хаанаар хэзээ ч хүлээн зөвшөөрөгддөггүй байжээ. Энэхүү тулалдааны дараа дахин хүчээ зузаатгаж эргэн тулалдахаар шийдсэн Мамайг нутаг буцаж очсон хойно нь хаан Тохтамыш түүн рүү цэрэглэн довтолжээ. Тулалдаан эхлэхийн өмнө Мамайн цэргүүд Тохтамышд бууж өгсөн ба гэхдээ өөрсдийн удирдагч Мамайгаас урван дайсанд нь барьж өгөлгүй (Монголын нууц товчоонд ч ийм түүх гардаг. Монгол цэргүүд удирдагчаа дайсанд нь барьж өгдөггүй уламжлалтай) түүнийг зугтаалгасан байна. Крым руу зугтсан Мамай тэнд өөрийн холбоотон Генуэчүүдэд алагджээ. Мамайн хүү Мансур Литов руу зугтсан ба түүний удмынхан нэртэй язгууртнууд болсон бөгөөд ван хэргэмээр шагнагдсан Глинский вангийн гүнж Елена Москвагийн Их ван Василий III-тай гэрлэж нэгэн хүү төрүүлсэн нь оросын анхны хаан бөгөөд түүхэнд догшин Иван гэж нэрлэгдсэн хаан билээ.

Москвагийн ван Киевийн үнэн алдартны шашны тэргүүнийг урьсаныг Суздалийнхан Москва Литовчуудын хуйвалдаан болж буй мэтээр мэдээлжээ. Үнэндээ бол оросын вангуудын зөрчилдөөн гүнзгийрч Алтан ордын хаанд ая тал засан нэр хүнд олж авах гэж нэгийгээ матсан хэрэг байжээ. Тэр үеийн Алтан ордын хааны зөвшөөрсөн ван л Оросын их вангаар томилогддог байжээ. Үүнд дургүйцсэн Тохтамыш Москваг сургаж өгөхөөр хөдөллөө. 1382 оны 8-р сарын 12-нд татаарын цэргүүд Москвад ойртон ирэхэд Тохтамышын сургаар Москвагийн ван яаралтай хотоо орхин явав. Уг нь Москвагийн ван Оросын бусад вангуудаас тусламж хүссэн боловч түүний төлөө монголчуудтай байлдах зоригтон олдсонгүй. Энэ нь ч үнэндээ Дмитрий Тохтамыш хоёрын зэрэг чансааг харуулж буй баримт бөгөөд эзэн хаандаа тэрслэгчийг дэмжих Орос ван байсангүй. Тохтамыш нэгэнт эзэн нь орхин явсан хотыг бүслэн хаагаад харин гадагшаа гарч явагсдад саад хийсэнгүй. Байлдах дуртай нь үлдэнэ биз, амиа аврах нэг нь аварч л байг гэсэн бололтой. Дургүйг нь хүргэсэн Москвагийн вангаас ял асуухаар ирсэн болохоос ард иргэд нь бол гэмгүй, угаасаа өөрсдийн нь харьяаны албат иргэд болохоор алж хядаад байх шаардлагагүй гэж нийгүүлсэнгүйгээр үздэг байсан бололтой юм. Хотод архидан зугаалж байсан Москвачууд татаартай найрамдахаар шийдэж хотын хэрэмний хаалгаа онгойл­гохдоо найдвартай хамгаалалт тавихаа мартжээ. Ингээд тэд хотод нэвтрэн орж Москваг эзлэн авч тоножээ. Дмитрийгийн орыг залгамжлахаар Тверийн ван Михайл Александрович санаархсан боловч Тохтамыш хүлээн зөвшөөрсөнгүй.

Ингээд Дмитрий ичгүүртэйгээр өөрийн хүү Василийг Тохтамышт явуулснаар түүний Их вангийн эрхийг сэргээн, Василий нь Тохтамышийн дэргэд барьцаанд байх болжээ. Үнэндээ бол Москвагийн ван Дмитрий Ивановичийн суу алдар, түүний Донский гэдэг цол нь энэхүү тулалдаанаас бүр хожим 16-17-р зуунд л гарч иржээ. Тухайн үеийн түүхэн бичигт энэ тулааны тухай нэг их бичдэггүй байжээ. Бүх оросын анхны хаан Иван III-т улсыг нэгтгэн зангидах нэр хүнд хэрэгтэй болжээ. Үүнийгээ ч оллоо. 1480 онд Их ван татаруудтай эцсийн тооцоо бодохоор хөдлөхийн өмнө Ростовын Их ламтан Вассиан „өвөг эцэг Дмитрийгийн алдрын замаар … гайтай „чонон Мамайн“ эсрэг хэмээн бичжээ. Чухам энэ үеэс Мамайн тулалдааны тухай домог үүсчээ. Тэр үеийн оросын оршин суугчдын тоо, тулалдаан болсон газар нутгийг харьцуулж үзэхэд хэдэн зуун мянган цэрэг гаргах ч боломжгүй, гаргалаа гэхэд тэнд байлдах талбай ч байхгүй ажээ. Ер нь тэнд гучаад мянган цэрэг л хоёр талаас байлдсан байх гэж таамагладаг. Яг үнэндээ нөгөө алдарт отоонд байсан хороо хаана байрлаж байсныг одоо ч тогтоож чадаагүй л байгаа гэнэ. Куликовын тал гэдэг үг яагаад үүссэн нь ч маргаантай байдаг. Сүүлийн үед „кулиге“ гэдэг үгтэй холбож үзэх болсон ба энэ үгийг XI—XVII зууны орос хэлний толь бичигт „голын эргийн ойрхи газар“ хэмээн тайлбарлажээ.

  Орос улсын Хүмүүнлэгийн их сургуулийн захирал байсан Юрий Афанасьев: “Дмитрий Донский “Татаараас чөлөөлөгч“ гэж сонсвол ухаан алдаж унах биз. Учир нь тэр Татаарын хааныг л өөрийн хаанаар хүлээн зөвшөөрч түүнийхээ төлөө л Мамайтай тулалдсан юм шүү дээ“ гэжээ. Куликовын тулалдааны ойн талаар ярих нь утгагүй, энд ямар ч Алтан орд ба Москвагийн улс хоорондын дайн болоогүй ердөө л нэгэн их гүрэн доторхи жижиг ван, хангууд газар нутгаа булаалдсан хэрэг болсон, (жишээ нь Ариун ромын эзэнт гүрний германууд, францууд… тухайн үедээ ингэж л харьцаж байжээ) харин энэ нь одоогийн Орос, Татарын ард түмний хооронд эвдрэлцэл авчрахаас өөр зүйлгүй гэж үзэх үзэл Орост дэлгэрчээ. Куликовын талд хэн нь ч хэнийгээ чөлөөлөөгүй, Татаарын дарлалын үе гэдэг нь ч зохиомол гэж үзсэн Л.Н. Гумилевийн үзэл үүнд нилээд нөлөөлжээ. Тулалдаанд хоёр талаасаа Орос, Татаарууд аль аль нь оролцсон, энд үндэстэн хоорондын гэх ямар ч шинж тэмдэг байхгүй ердөө л засгийн эрхийн төлөөх хаад ноёдын хоорондын талцсан тэмцэл төдий байсан ажээ. Хожмоо Алтан ордын улс дотоодын тэмцэлдээ идэгдэн бутран унахад Оросын эзэнт гүрэн бүрэлдэн бий болсон билээ. 1925 онд оросын нэгэн ван Евразийн онолыг баригчдын нэгэн Н.С.Трубецкий “Чингис хааны өв” номондоо “Ордын хаан Москвагийн хаанаар солигдсон юм“ хэмээн бичиж орос улс нь Чингисийн эзэнт гүрний өв залгамжлагч нэгэн улс юм гэж нотолж байлаа. Оросын язгууртнуудын нилээд хувь нь Алтан Ордын гаралтай байдаг.

Манай уншигчид сайн мэдэх зарим нэг алдартай овгуудыг нэрлэвэл Ахматов, Батурин, Булгаков, Бунин, Бухарин, Гоголь, Годунов, Горчаков, Горшков, Державин, Кантемиров, Карамазов, Карамзин, Кропоткин, Кутузов, Мичурин, Рахманинов, Салтыков, Строганов, Суворов, Тимирязев, Третьяков, Тургенев, Ушаков, Шереметев гээд Оросын түүхэнд мөрөө үлдээсэн овогтнууд гэдгийг уншигч түмэн санаж байгаа бизээ. Невскийн Александр болон Москвагийн ван Дмитрий нар нь Орост нөлөөгөө тогтоох гэсэн католикчуудыг (Герман, Литов, Польш, Швед, Генуачуудын довтолгоон) Монгол­чуудын туслалцаатайгаар сөрөн зог­сож чадсан тул энэ хоёр хүнийг Оросын үнэн алдартны шашин хожмоо гэгээнтнээр тодруулсан билээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн