Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар албан хаагчиддаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ.
Тус газраас аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулах зорилго тавин ажиллаж байгаа аж. Мөн дээрх санаачилгыг төрийн болон хувийн байгууллагуудад хэрэгжүүлэхийг уриаллаа.
Тус газрын дарга Э.Жавхлангаас энэ талаар тодруулахад “Гэр бүлээ хангалуун сайхан амьдруулахын тулд л хүн ажил хөдөлмөр хийдэг. Гэтэл өнөөдөр хүүхэд, мөнгө хоёрын байр нь солигдчихож. Байр нь солигдчихсон болохоор гэр бүлдээ зарцуулж буй цаг хугацаа нь хомсдож, гэр бүлийн уур амьсгал хөндийрч эхэлж байх шиг. Ажил ажил гэж явсаар байгаад хүүхдийнхээ хүүхэд насыг харахгүй өнгөрөөчих вий дээ, хүүхэддээ өөрийнхөө залуу насыг харуулалгүй өнгөрүүлчих вий дээ гэж боддог. Тиймээс уг шийдвэрийг гаргасан” гэсэн юм.
МОНЦАМЭ