Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг. Охин хүүхдийн даахийг хөхөөн дуунаар 2, 4, 6 насанд, бүстэй хүүхдийн даахийг бугын дуунаар 3, 5, 7 насанд нь үргээ” гэсэн ёс манайд байдаг аж.

-Гол төлөв зуны дунд сарын шиний найманд охины, намрын дунд сарын шинийн 15-нд /Даваа, Баасан гараг таарвал бүр сайн/ хүүгийн даахийг үргээнэ.

-Ёслол эхлэхийн өмнө хотон дээр болон зэлэн дээр сан тавьж хангай дэлхийдээ цай сүүний дээжээр цацал өргөөд ахан дүүс, айл хотлоор цугларч гүйцмэгц ёслолоо эхэлнэ.

-Энэ ёслолд хүүхдийн авга, нагац нар заавал байх учиртай. Мөн даахь үргээлэгчийн ивээл жилтнийг урьдаг ёстой.

-Найр ёслолыг бага үдээс өмнө эхэлж, ивээл жилтнээр хүүхдийн үсэнд модон хутга хүргэн домноод, дараа нь хадаг уясан хайчаар хүү бол баруун, охин бол зүүн шанаанаас туг үс авна. Ийнхүү нар зөв тойрон хүн бүр хэсэг үс хайчлан “урт насалж удаан жаргаарай, аав ээждээ ачтай, ахан дүүсдээ тустай, төрдөө үнэнч, түмэндээ хүндтэй сайн хүн болоорой” хэмээн бэлгэ дэмбэрэлийн үг хэлж, бэлэг сэлт өгнө. Ийнхүү ёслол найрын идээ зоог барьж, ёслолд ирсэн хүүхэд бүхэнд найрын хувь хүртээнэ.

Нялх үсийг авах учир:

Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ. Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай. Зарим нь эвэр тавихыг дурын асуудал ч гэдэг аж.

Эвэр тавих ёсон:

Унаган сэвлэг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэг адил эвэр тавихад ч бас тус тусын утгатай.

Хүүхдийн эврийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Одоо цагт энэ ёс бараг орхигджээ.

Үс үлдээдгийн учир:

Хүүхдийн даахь авах үед байх ёстой юм уу, ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эвэр) үлдээдэг. Мөн даахийг нь авч байгаа болохоор хүүхдийг өхөөрдөж, билэгшээдэг .

Цээрлэх нэгэн зүйл:

Үс гэзэгний сэвээ хамаагүй хаяхыг онцгой цээрлэдэг. “Буянд цөв суулгаж, муу ёр дуудна” гэж үздэг нь бас учиртай. Хээр гадаа хаясан сэвээр шаазгай мэт үүр барьдаг шувуу үүр барихдаа хэрэглэх учир зовлонд унагана хэмээн цээрлэдэг байна.

Зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.

Монголчууд үс гэзгийг задгай тавьж ширэлдүүлэхийг нас богиносно, буян хишиг барагдана гэж цээрлэдэг байсан учраас даахиа авахуулсан хүүхдийн сэвлэгийг сүлжиж үзүүрт нь тэмээний ноосон утас, сур юм уу цацгаар боодог байв. Уй гашууд автсан хүн үсээ задгай тавьдаг гэж үздэг байжээ.

By updown

One thought on “Хүүхдийн даахийг хэзээ үргээдэг вэ?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн