Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж буй нь эрдэмтдийн санааг зовоосон асуудлын нэг болоод байна. Ялангуяа манай хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хот газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.
-Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн зүгээс чиглэл болгосны дагуу Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийг байгуулсан. Энэхүү зөвлөлийг Шадар сайд ахалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон холбогдох яам, агентлаг, газраас төлөөлөл орж ажилладаг. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирлагын газарт ажлын алба нь төвлөрч үйл ажиллагаагаа явуулж байна. Аймаг, хот бүрт салбар зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа. Гол зорилго нь газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах юм. Хүчтэй газар хөдлөлт болохыг урьдчилан тогтоох боломжгүй ч газар хөдлөлтөөс учрах хохирол, түүний дотроос хүний амь нас, улс эх орны нийгэм, эдийн засагт учруулах эрсдэлийг бууруулахад төр, засгийн бодлого чиглэгдэх ёстой.
-Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдлөлт болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 орчмоор өссөн үзүүлттэй байна гэж яригдаж байсан. Аюул ойрхон байна гэсэн үг үү?
-Улсын маань нийслэл газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог нь үнэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны академитай хамтарсан судалгаа байдаг. Эндээс харахад 2005 оноос Чингис хаан Олон улсын нисэх буудал орчим болон түүнээс хойшхи нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн идэвхжилт хүчтэй ажиглагдаж эхэлсэн байдаг. Төмөр замын Эмээлт өртөөний ойролцоох газарт хүчний хувьд бага хэмжээтэй олон тооны газар хөдлөлтүүд болдог байна. Газар хөдлөлт идэвхтэй томоохон хагарлын дагуу явагддаг. Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд 4 орчим баллын хүчтэй газар хөдлөлт Улаанбаатар хотын ойролцоо хэд хэдэн удаа болсон байна. Энэ хөдлөлт хот орчмын оршин суугчдад харьцангуй сул мэдрэгдсэн. Ийм идэвхтэй хагарлуудын аль нэг хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хадан хөрсөн дээр VIII-X баллын хүчтэй чичиргээ үүсгэх магадлалтай. Ийм хүчтэй хөдлөлтөд чанар муутай барилгууд ихээр нурах аюултай. Туул голын хөндийн хэсэг буюу сэвсгэр хурдсан хөрсөн дээр энэхүү үйлчлэл нь хэд дахин өсдөг байна. Ялангуяа улсын маань хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын цаашдын хөгжил, төлөвлөлтөд газар хөдлөлтөөс учрах аюул бодитоор оршиж буйг байнга тооцож байх нь нэн чухал гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Тиймээс Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулын болон эрсдэлийн үнэлгээг шинэчлэн тогтоох судалгааг эрчимтэй явуулах зайлшгүй шаардлага байгаа юм.
–Судалгаа хийгдэж байгаа юу?
-2016 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг батлан гаргасан. Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагууд уг зөвлөмжийн дагуу газар хөдлөлтийн идэвхжилийн судалгааг хийж эхэлсэн. Зарим нь эхнээсээ ажил хэрэг болоод явж байгаа.
–Газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд бид амьдарч байна гэж байнга ярьдаг. Яг бодитой ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл байгуулагдаж, үйл ажиллагаа нь тогтмолжлоо. Энэ маш чухал. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болсон. Жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг манай ард иргэд мэддэг болсон. Аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, оюутан сурагчид энэ газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургуульд хамрагддаг. Энэ хэрээр иргэдийн мэдлэг мэдээлэл дээшилж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байсан. Улаанбаатар хотын хувьд орчин үеийн өндөр технологийн газар хөдлөлт бүртгэх багаж төхөөрөмжөөр тоноглогдсон 15 станцыг Франц, АНУ-ын эрдэмтэдтэй хамтран суурилуулсан. Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын зургаан бүсэд газар хөдлөлтийг бүртгэх 16, хагарлын шилжилт хөдөлгөөнийг хянах GPS-ийн долоо, газрын хэв гажилтыг тогтоох зургаа, дэлхийн соронзон орны гажилтыг хэмжих гурван станцыг ажиллуулж байгаа. Газар хөдөлж байсан цэгүүд байнгын идэвхжилтэй байдаг учир дахин давтагдах магадлалтай гэж үзээд чичирхийллийг амжиж хэмжих, анхааруулах багаж суурилуулсан. Энэ багажийн мэдээлэл манай ОБЕГ-аар дамжин зарлан мэдээлэх цамхаг, чанга яригчаар иргэдэд 30 секундын өмнө амжиж мэдээлэгдэнэ. Гэхдээ хотын ойролцоох газарт газар хөдөлбөл урьдчилан анхааруулах ямар ч боломжгүй.
–Газар хөдлөлт болох аюулыг урьдчилан мэдэж болох уу?
-Үүнийг одоохондоо дэлхий нийт шийдэж чадаагүй байгаа. Газар хөдлөлтийн станц, түүнийг мэдээлэх техник нэлээд сайн хөгжсөн Япон улс ч үүнийг шийдэж чадаагүй байна шүү дээ. Харин магадлалыг бол хэлж болно гэж мэргэжилтнүүд үздэг.
–Манай улсын хувьд газар хөдлөлтийн эрсдэл ямар байдаг вэ?
– Төв Азийн идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд тооцогддог. Монгол орон бол уудам дэлгэр тал нутаг учраас хөдөлгөөн багатай. Гэхдээ энэ нь аюулгүй гэсэн үг биш. Томоохон хавтангуудын заагт оршдог учраас нэг хөдөлвөл маш хүчтэй хөдлөх аюултай. Өнгөрсөн зуунд манай оронд Булнайн, Монгол Алтайн нурууны, Говь-Алтайн Их, бага Богдын, Булганы Могодын гэсэн дөрвөн том хэмжээний газар хөдлөлт болсон байдаг. Манай ард иргэд нүүдлийн мал ахуй адгуулж, харьцангуй тархай суурьшиж амьдардаг учраас хохирол бага учирдаг байж болох талтай. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагддаг. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна гэсэн судалгаа байдаг. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.
–Хэрэв Улаанбаатар хотод газар хөдөлбөл?
– Монгол Улсын эдийн засагт асар их хохиролтой. Хэдэн баллын хэмжээтэй газар хөдлөхөөс бүх зүйл шалтгаална. Нийслэлийн 40, 50 мянгат гэх мэт хуучны барилгууд газар хөдөлбөл хамгийн түрүүнд өртөх аюултай гэсэн үнэлгээг Мэргэжлийн хяналтын байцаагчид хийж, нурах аюултай барилгын жагсаалтад оруулсан байдаг. Анх баригдахдаа газар хөдлөлтийн эрсдэлийг сайн тооцоолоогүй баригдсан барилга байгууламжууд, онцгой байдлын үед аврах ажиллагаа явуулах боломжгүй, бэлтгэлгүй байдал нь Монголын нийт хүн амын тал орчим нь амьдарч, ажиллаж буй Улаанбаатар хотыг улам эрсдэл өндөртэй бүс болгож байна. Баригдаж буй ихэнх барилгууд хийцийн өөрчлөлт ихтэй, инженерийн тооцоолол муу, зориулалтын бусаар ашиглагддагаас шалтгаалан газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сулруулдаг хэмээн ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаачид хэлдэг. Улсын хэмжээнд төрийн өмчит ерөнхий боловсролын 656 сургуулийн 164,688 цэцэрлэгийн 148 нь газар хөдлөлтөд огт тэсвэргүй, шууд нурах эрсдэлтэй гэсэн судалгаа бий. “Жайка” төслөөс 2013 онд ОБЕГ-тай хамтран гаргасан газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр Улаанбаатар хотод 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоог гаргасан байдаг. Үүнээс үзэхэд эрсдэл бидэнд маш ойрхон байна гэсэн үг. Барилга байшингууд бол хамгаалах системтэйгээр баригдах учиртай. Гэтэл манайд энэ стандарт үндсэндээ байхгүй гэж хэлж болно. Өндөр хөгжсөн Япон зэрэг оронд газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барьж, стандарт мөрдүүлж хэвшсэн байдаг. Энэ их чухал. Манайд хүчтэй салхинд барилгын дээвэр нурах тохиолдол ч гардаг шүү дээ. Тэгэхээр Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлтөд юу болохыг төсөөлөхөд маш хэцүү. Тийм учраас нийслэлчүүд маань анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Одон орон, геофизикийн судалгааны төвийн гаргасан судалгаагаар Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн идэвхитэй зургаан бүс байна гэж үздэг юм билээ.
Тодруулбал?
-Хустай, Авдрант, Мөнгөн морьт, Эмээлт, Гүнжийн ам, Шархай гэсэн зургаан газрыг идэвхитэй бүсээр тооцдог.
–Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх тал дээр ард иргэд анхаарвал зохих зүйл юу вэ?
-Газар хөдлөлтийг яг хэзээ, хаана гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой. Өрхийн хүн бүрт гамшгийн үед хэрэглэгдэх 15 зүйл үүргэвчинд байх ёстой. Үүнд бичиг баримт, эмийн сан, удаан хугацаанд хадгалж болох гурав хоногийн хүнс, хүлээн авагч /радио/, гар чийдэн, сонин, гялгар уут, дулаан хувцас зэргийг хийж, гэр, орондоо бэлэн байлгах хэрэгтэй. Бэлтгэлтэй байх нь хамгийн чухал. Зөвхөн газар хөдлөлт ч гэлтгүй ямар ч гамшгийн үед иргэд маань бэлтгэлтэй байх хэрэгтэй.