Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн асуудлаар өнөөдөр (2019.04.19) мэдээлэл хийлээ.
Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас 1,1 мянган га ой, 211,8 мянган га хээрийн талбай, нийт 212,9 мянган га талбай түймэрт өртөж шатсан тухай ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр онцоллоо.
Түймрийн голомтод Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллагаас нийт 1590 гаруй иргэн, 2 нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикль, 54 морьтойгоор ажилласан байна. Харин өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгуулага, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум орон нутгаас нийт 294 хүн, 43 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийг гаргаад байна. Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглосон.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу энэ сарын 19-нд Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөлийн аймгийн нутгаар, маргааш буюу энэ сарын 20-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорнодын аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.