Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Хүүхдийн ордны урд талд, “Баянгол” зочид буудлын эсрэг талд баригдаж байсан барилгаас өнөөдөр /2019.04.19/ блок унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан автомашинтай иргэн гэмтжээ. Уг ослын дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаа болон холбогдох албаныхан очиж, ослын газарт ажилласан байна. Автомашинд гурван иргэн зорчиж явсан бөгөөд жолоочийн хөл нь гэмтсэн тул ГССҮТ-д хүргэгджээ.
Тус автомашинд зорчиж явсан иргэн “Гэнэт том цементэн чулуу автомашиныг нь цөмлөн унаж, машины салон болон урд хайрцаганд байсан юм эвдэрсэн. Тэсрэх бөмбөг шиг. Ямар хүчтэй орж ирсэн нь ойлгомжтой байх. Үнэндээ одоо ч шокноосоо гарч чадаагүй л байна. Жаахан л урагшилсан бол миний дээр эсвэл урд байсан 2 хүний аль нэгний дээрээс унах байлаа. Магад би ингээд юм бичээд суухгүй ч байсан байх. Та ямар азтай юм бэ гэж бодож байна уу?. Тиймээ хэн ч амиа алдаагүй. Хэн ч ямар нэг эд эрхтэнээ гэмтээгээгүй. Гэхдээ бидний хэн нэг нь амиа алдаж, эсвэл насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж болох байсан гэдгийг бүү март… Хотын гудмаар алхаж яваад, гэрлэн дохион дээр түгжирч байгаад, найзуудтайгаа инээлдэж яваад л бид амь насаа алдаж болох ийм л аймшигтай хотод оршин байна. Дайн дажинтай улсаас бид юугаараа ялгарах юм бэ? Хариуцлагагүй хүмүүсээс болж хэдэн хүн золгүйгээр амь насааа алдсан бол. Хэдэн хүн энэ бүхний золиос болж хайртай үрсээ, найзаа, гэр бүлийн гишүүнээ ахиж хэзээ ч харахгүй болсон бол. Яасан их харуусал вэ?…
…Дор бүрнээ хариуцлагатай байя. Хүний төлөө, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байя. Зүгээр л амьдрах биш утга учиртай амьдръя залуус аа. Ууж, идэж, наргиж цэнгэх, ухаангүй, болчимгүй үйлдэл бүхнээ засч залруулъя. Бүгдээрээ хүн шиг хүн байж, жинхэнэ амин хувиа хичээх үзлээсээ татгалзъя. Чин сэтгэлээсээ залуусаа. Хүмүүс ээ. Уучлаарай. Шокноосоо гарах гээд л биччихлээ. Дараа арай өөр өнцгөөс, та бүхнийг уриалсан бичвэр оруулъя. Өнөөдөр үнэхээр хар бараан өдөр байлаа” гэжээ.
Блок унасан барилга нь “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж буй оффис үйлчилгээний зориулалтын байр юм байна.