УИХ-ын чуулганы өчигдрийн (2019.04.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг зөвшилцлөө.
Нэр дэвшигч Максимын Чинбат нь 46 настай, эрэгтэй. 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. Тэрбээр Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор, Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч, Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор, Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокуророор тус тус ажиллаж байжээ. 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор, 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байгаа юм байна.
Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшигч Содонгийн Алиманцэцэг нь 47 настай. 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. Нэр дэвшигч С.Алиманцэцэг нь Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор тус тус ажиллаж байжээ. 2005-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2012-2014 “МИАТ” ТӨХК-д хуулийн хэлтсийн даргаар ажилласан байна. 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2015 онд дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хяналтын прокурор, 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт туслах прокурор, 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаа гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор тус тус томилов.
Ингээд шинээр томилогдсон УЕП-ын орлогч нарыг УЕП-ын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, прокурор, ажилтнуудын төлөөлөл Улсын ерөнхий прокурорын газарт өчигдөр орой хүлээн авчээ. Энэ үеэр УЕП-ын туслах прокурор, Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюундэлгэр Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, УЕП Б.Жаргалсайхан үүрэгт ажилдаа орж буй М.Чинбат, С.Алиманцэцэг нарт ажлын амжилт хүссэн юм.
Ийнхүү Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, С.Алиманцэцэг нар үүрэгт ажилдаа орлоо.