“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” энэ сарын 24-26-ны өдөр болно. Энэ сарын 25-нд өглөө зарлан мэдээллийн дуут дохионы 60 цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба нийт 3200 гаруй нийтийн орон сууц, 120 мянга гаруй өрхийн 420 мянган иргэн гэрээсээ гэр бүлээрээ гарч 111 байршлын аюулгүйн талбайд гарна. Харин гэр хорооллын иргэд дуут дохио дуугарч дуусах хүртэл гэрээсээ гарч гудамжиндаа зогсох юм.
Газар хөдлөлтөд орон сууц нурах, гал гарах, дэлбэрэх эрсдэл аюул өндөртэй гэдэг утгаар нь орон сууцны иргэдийг түлхүү хамруулж байгаа юм байна.
Газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургууль энэ сарын 25-ны өдрийн 07.00-09.30 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүн шилжүүлнэ. Ажил, сургууль, цэцэрлэг нийтээрээ 10:00 цагт эхэлнэ.
Газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-ыг иргэдэд дүүрэг, хорооны ажилтнуудаар дамжуулан тарааж эхэлжээ.